Уурхайд нуралт үүсч, хоёр хүн амиа алдлаа
2017-11-16

 

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар өнөөдөр буюу /2017.11.16/ 04.02 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна.

 

Ослын газарт  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04.10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нуралт үүссэн байжээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн бичил уурхай нь 14 метрийн гүнтэй.  Доод ёроолдоо тулаад баруун гар тийшээ 4-5 метр эргэж орсон жижиг уурхай юм байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар ажиллаж буй ч уурхайд нуралт үүсч аврагчид өөрсдөө даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Тиймээс нуралт үүсээд буй тухайн эргэлтийн хэсэгт бэхэлгээ хийж, цогцсуудыг гаргахаар ажиллаж байна гэдгийг Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтох хэллээ.

 

Түүний хэлснээр, аврагчид дуудлага авсан даруйдаа очиж аврах ажиллагааг эхлүүлээд гурван цагийн дараа осолдсон иргэдийг аврах боломжгүй болсныг мэджээ.  Осолдсон иргэд 28-47 насны хоёр эрэгтэй байсан бөгөөд Налайх дүүргийн иргэд байжээ.  Осол болсон мөргөцөгт буюу уурхайн 14 метрийн гүнд маш давчуу орон зайд аврагчид ажилласан байна.

 

Ослын газарт ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын шинжээчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин