Г.Рагчаасүрэн: Засгийн газраас хамааралтай салбар хамгийн эрсдэлтэй
2017-11-17

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт зөвлөлдөх уулзалт яг одоо болж байна. Уулзалтын үеэр “Гэрэгэ партнерс” мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэх захирал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх, доктор Г.Рагчаасүрэнгээс энэ талаар тодрууллаа.

 

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хөдөлмөрийн зах зээлд ямар өөрчлөлт бий болсон бэ?

 

-Хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол бид ямар байдалтай байх байсан болон хэрэгжиж эхэлснээр ямар байдалтай байгааг харьцуулж судалсан. Судалгааны үр дүнгээр хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ДНБ-ий өсөлт болон хөдөлмөрийн зах зээлд үзүүлж буй үр дүн харьцангуй бага байна. Гэхдээ судалгаанд ОУВС-гийн хэрэгжүүлж буй бүх арга хэмжээг хамруулаагүй. Онцгой татварын өөрчлөлт, хүн амын орлогын албан татвар, төсвийн байгууллагын ажилчдын тоог бууруулах, цалинг хоёр жилээр царцаах зэрэг тоймтой хэдэн үзүүлэлтийг авч үзсэн. Ингэснээр ирэх жилүүдийн ДНБ-ий өсөлтийг 0.5 хувь бууруулж байна. Харин ажилгүйдлийг 0.7 хувиар өсгөх дүр зураг харагдаж байна.

 

-Эдийн засгийг сэргээнэ гэж үзээд уг хөтөлбөрийг сонгосон. Гэтэл судалгааны үр дүн сөрөг гарсан байна. Энэ ямар учиртай юм вэ?

 

-Хөтөлбөр хэрэгжсэнээр урт хугацааны дараа эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна. Харин богино хугацаанд ямар өөрчлөлт гаргасныг харахын тулд ОУВС-д орсон шалтгааныг сөхөх хэрэгтэй болж байна. Бид нөхцөл байдал хүндэрсэн, төлбөрийн баланс хасах руу орох дөхсөн, ам.долларын ханш өссөн, Засгийн газрын өр ДНБ-тэй харьцуулахад 100 орчим хувь болсон байсан.  Өөрөөр хэлбэл, бидний бүтэн жил үйлдвэрлэсэн зүйл, орлого бүгд өр рүү суутгагдахаар болсон байсан. Ийм нөхцөл байдлыг таслан зогсоохоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний нэг алхам нь Засгийн газрын зардлыг бууруулах, татварын орлогоо нэмэгдүүлэх. Хөтөлбөр хэрэгжиж дууссанаар төсвийн нөхцөл байдал сайжирна.  2021 он гэхэд өр болон ДНБ-ий харьцаа 70 орчим хувьд хүрнэ гэж тооцож байна. Энэ үед Засгийн газар эдийн засгаа тогтвортой авч явж чадах боломтой болно гэж үзэж байгаа. Үүнд хүрэхэд төсвийн сахилга бат чухал ач холбогдолтой.

 

-Монголбанкны алтны нөөц нэмэгдсэн, эдийн засагт эерэг өөрчлөлт гарч байна гэж холбогдох байгууллагаас мэдээлж байна. Гэтэл яагаад энэ өөрчлөлт иргэдэд өгөөжөө өгөхгүй байна вэ?

 

-Эерэг өөрчлөлт иргэдэд бодитоор хүрэх механизм харьцангуй хязгаарлагдмал байна. Гэхдээ нүүрсний зах зээлийг даган эдийн засаг сайжирч байгаа юм. Энэ ашиг бүх иргэдэд хүрэхэд тодорхой хугацаа шаардана.

 

-Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрсдэлтэй байгаа салбарыг дурдахгүй юу?

 

-Засгийн газраас шууд хамааралтай салбар хамгийн эрсдэлтэйд тооцогдож байна. Тодруулбал, эмч, багш нар цалин өсөхгүй байгаагаас үүдэн ажил хаясан. Гэтэл ирэх жил ч цалин нэмэх боломжгүй. Цалинг царцааснаар төрийн албан хаагчдын орлогын хэмжээ буурч, энэ салбарт үргэлжлүүлэн ажиллах уу гэсэн асуудал тулгарна.

 

-Хувийн хэвшлийнхэнд ямар хүндрэл үүсэх вэ?

 

-Хувийн хэвшлийнхийг төрийн албаны ажилчидтай харьцуулахад эрсдэл бага байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүст эрсдэл бага үүсэж байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
belenchleh setgelgeeg bii bolgodog hotolbor hereggui
2017-11-20