Торо Россо баг залуу нисгэгчдээ авч үлдэнэ
2017-11-17

 

Формула 1 ДАШТ өндөрлөх дөхсөн энэ үед оролцогч багууд ирэх улиралдаа анхаарлаа хандуулж эхэлдэг. Ингэхдээ техникийн шинэчлэлийн ажлаасаа өмнө нисгэгчдээ бэлэн болгоход анхаарлаа хандуулдаг. Тэгвэл Итали улсад төвтэй Торо Россо баг ирэх улирлын нисгэгчдээ аль хэдийнээ сонгожээ. Багийн удирдлагууд Францын залуу нисгэгч Пьер Гасли, Шинэ Зеландын Брэндон Хартли нарыг ирэх улиралд үндсэн нисгэгчээр сонгосон байна.

 

Хэдийгээр дээд ангилалд ердөө 3-4 уралдааныг хийсэн ч уг хоёр нисгэгчийн чадвар ал хэдийнээ өрөлдөөнд бэлэн болсон гэдгийг багийн эзэн Франц Тост хэлсэн байна. Пьер Гаслигийн хувьд өнгөрсөн сард болсон Малайзын гранпригийн үеэр дебютээ хийсэн бол Б.Хартли мөн л өнгөрөн 10-р сард анх удаа үндсэн нисгэгчээр замд гарчээ.   

 

 

Уг нь Торо Россо баг 2017 оны улиралд Даниил Квят, Карлос Сайнз Жуниор нарын нисгэгчидтэй гэрээтэй байсан ч хангалттай амжилтыг үзүүлээгүй аж. Испани залуу Карлос Сайнз нисгэгчдийн цомын 9-р байранд бичигдэж байгаа бөгөөд   энэ улирлын нийт 10 гранпригээс оноо авсан юм. Харин Орос залуу Д.Квят энэ жил ердөө 3 гранпригээс оноо авсан үзүүлэлттэй байсан учраас өнгөрөн сард багаас хасагдсан билээ.

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин