Тьерри Нэвилл Австралийн раллид түрүүллээ
2017-11-20

 

Раллигийн ДАШТ-ий энэ улирлын сүүлийн гараа Австрали улсад болж өндөрлөлөө. Уг уралдаан анх 19 шаттайгаар зохиогдохоор хуваарьт ороод байсан ч маршрутад өөрчлөлт орж, 21 үе шаттайгаар 318 км зайд болсон байна. Нью Саут Уэльс мужийн Коффс Харбор орчимд болсон уг уралдаанд Хьюндэй багийнхан тун өндөр амжилттай оролцсон байна. Тэр дундаа Бельги нисгэгч Тьерри Нэвилл онцгой сайн байлаа. Тэрбээр нийт 21 шатны 8-д нь ялалт байгуулсан бөгөөд бусад гараануудад ч жигд үр дүнтэй оролцсоноор Австралийн раллид түрүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл уралдааныг 2 дахь өдрөөс эхлэн хүснэгтийг тэргүүлсэн тэрбээр байраа алдалгүй явсаар ялалт байгуулсан байна. Норвегийн Андреас Миккельсен, Финляндын Яари Матти Латвала нарын шилдгүүд техникийн асуудалтай тулгарсан ч түүний ялалтын замыг илүү дардан болгосон гэлтэй.   

 

Бельги эр 2 цаг 35минут 44.8 секундын амжилтыг үзүүлснээр улирлын 4 дэх түрүүгээ авсан аж. Харин түүний араас Эстонийн Отт Танак, зохион байгуулагч орны тамирчин Хэйден Паддон нар барианд орсон байна. Харин энэ жилийн ДАШТ-нд түрүүлэх нь тодорхой болоод байсан Францын шилдэг нисгэгч Себастьен Ожье уралдааны 4-р байранд орсноор 12 оноо халаасалж чадсан юм.

 

Ийнхүү 2017 оны Раллигийн ДАШТ өндөрлөж, ялагчид бүрэн тодорлоо. Нисгэгчдийн цомыг 232 оноотой  Себастьен Ожье хүртсэн бол, дэд байранд Бельгийн Тьерри Нэвилл 208 оноотой бичигджээ. Харин 3-р байранд Эстонийн Отт Танак орж, анх удаа ДАШТ-ээс медаль хүртсэн юм.

 

Харин зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөнийг Их Британийн Эм-Спорт баг эзэллээ. Тус баг улирлын туршид 428 оноог цуглуулсан бол Германд төвтэй Хьюндэй баг удаалсан байна. Ирэх жилийн ДАШТ 2018.01.25нд Монте Карлод эхэлнэ. Нийт 13 шаттай зохиогдох бөгөөд 11-р сарын 18-нд өндөрлөх гэнэ.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин