Гандболын 2017 оны улсын аваргын тэмцээн болно
2017-11-27

 

Гандболын УАШТэмцээнийг Улаанбаатар хотноо 2017 оны 12 дугаар сарын 09-10-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн (ҮБХИС) спортын цогцолборт явуулна. Энэхүү тэмцээнийг явуулснаар хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх, зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, 2018 оны олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортыг сурталчилах зорилготой юм.

 

Тэмцээнд төв, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй 30 орчим багийн тамирчид оролцохоор Монголын гандболын холбоо (МГХ)-нд мэдүүлгээ ирүүлсээр байна. Нэг баг нь 12 тамирчин, 1 дасгалжуулагчтай байх юм. Баг тамирчдын бүртгэл 2017 оны 12 дүгээр сарын 07-ны 15:00 цаг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн №104 тоот өрөөнд явагдаж, мандат олгоно.

 

Тэмцээнийг саяхан байгуулж ашиглалтанд оруулсан ҮБХИС-ийн спортын цогцолборт 2 зааланд нэгэн зэрэг явуулна. Энэхүү цогцолборын заалууд нь 24 х 36 м хэмжээтэй, гандболын тэмцээнийг явуулахад тохиромжтой юм. Тэмцээнийг МГХ-ны Ерөнхийлөгчийн томилсон мэргэжлийн шүүгч нар Олон улсын Гандболын холбооны дүрмийн дагуу удирдан явуулна.

 

Тэмцээний нээлт 2017 оны 12 дүгээр сарын 09-ны 15:00 цагт ҮБХИС-ийн спорт цогцолборын “А” зааланд болох ба энэ үеэр МГХ нь Олон улсын гандболын холбооны 2017 оны шилдэг спортын холбоо болж, цом, өргөмжлөл хүртсэн тул танилцуулах ёслолыг нээлтийн арга хэмжээний үеэр явуулна.

 

Улсын аваргын 2017 оны тэмцээнд  медальт байранд шалгарсан багт МГХ-ноос насанд хүрэгчдийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж шагнана. Байгууллагын дүнг оролцсон эрэгтэй эмэгтэй багуудын нийлбэр оноог тооцон эхний 3 байр эзлүүлэн цом, өргөмжлөлөөр шагнах юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин