Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана
2017-11-28

Монгол Улсын Их Хурал  Иргэний хуулийн 170 дугаар зүйлд “170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмж, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийг “27.1.Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулжээ.

 

Ингэснээр Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтын зарим хэсгийг агуулгаар нь дахин сэргээсэн байна.

 

 Иймээс Үндсэн хуулийн цэц  уг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэв.Үүссэн маргааныг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

2017 оны 11 дүгээр сарын 28

Shuud.mn
Сонин хачин