“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” аяны сургалт эхэллээ
2017-11-29

 

“Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аянг хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг нийгэмд таниулах, сурталчлах, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлээд байна.

 

Аяны хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн сурагчдад Хүмүүжлийн эерэг арга, “Хүүхдийн тусламжийн утас 108”  үйлчилгээний төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг сурталчлан таниулах,  Цахим орчны гадуурхал, хүчирхийллээс өөрийгөө болон найзыгаа хэрхэн хамгаалах, “Хүрэхүйн тухай ойлголт” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Тухайлбал,  “Хүүхдийн тусламжийн утас-108” үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид “Хүрэхүйн тухай ойлголт”-ын талаарх мэдээллийг сурагчдад өгсөн юм. Хүрэхүй нь аюултай болон аюулгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Хэн нэгэн хүн зөвшөөрөлгүйгээр биеийн  тань аль нэг хэсэгт хүрч тааламжгүй мэдрэмж төрүүлэх, өвтгөх, биеийн чинь эмзэг хэсэгт хүрэх зэрэг үйлдэл хийвэл аюултай хүрэхүйд орно. Энэ тохиолдолд өөрт хамгийн ойр байгаа хүнээс болон ойр дотны хүмүүсээс  тусламж хүсэх, ээж, аавдаа энэ тухайгаа хэлэх, хүүхдийн тусламжийн утас 108 руу залгаж мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг сурагчдад зөвлөв.

 

Харин сурагчид олон хэрэгтэй мэдээллийг сургалтаас олж авсан хэмээгээд хүүхдийн эрхийг дээдлэн, тэднийг хамгаалахад хүн бүрийг оролцохыг уриаллаа.

 

 

сургалтыг “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” нэг сарын аяны хүрээнд Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна.

 

Мөн тус аянг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын сурагчдын холбоо, ЦЕГ, Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

 

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин