Цагдаагийн төв архивт үзэсгэлэнгийн танхим нээлээ
2017-11-29

 

Монгол Улсад Орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын Төв архиваас эрхлэн өөрийн байрандаа үзэсгэлэнгийн танхимыг шинээр байгуулж нээлтээ хийлээ.

 

Төрийн архив нь архивын баримтыг нийтэд сурталчлах, эргэлтэд оруулах үзэсгэлэнг гаргах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллана гэж Монгол Улсын Архивын тухай хуульд заасан байдаг. Хуульд заасан дээрх үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус архив нь төрийн архивуудаас анх удаа бие даасан үзэсгэлэнгийн танхимтай болж буйгаараа онцлог юм.

 

 

Танхимын нээлтийн үеэр “Монголын цагдаагийн байгууллагын түүхэн хөгжил” сэдвээр үзэсгэлэн гаргаж, оролцогчдод Монголын цагдаагийн байгууллагын түүхэн хөгжил сэдвээр Түүх судлалын секторын эрхлэгч О.Одбаяр мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулан харилцан ярилцлага зохион байгууллаа. Цаашид цагдаагийн байгууллагын алба нэгжүүдийн түүхэн хөгжлийг өгүүлсэн тодорхой сэдвүүдээр улирал бүр үзэсгэлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байгааг ч дуулгав.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын архивчдыг дэмжих холбооны тэргүүн, Монгол Улсын Их сургуулийн докторантур О.Галбадрах, Архивын ерөнхий газрын кино, гэрэл зураг, дүрс бичлэгийн архивын эрхлэгч П.Ууган-Эрдэнэ, Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг “Тэнгэр” дээд сургуулийн оюутан, магистрын суралцагчид болон Төв архивын алба хаагч, ажилтнууд оролцлоо.

 

Shuud.mn
Сонин хачин