Өвс, тэжээлийг бүх аймагт хүргэнэ
2017-11-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулиар ургац хураалт хангалтгүй хурааж авснаас өвс, тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлж, өвс, хүнсний улаан буудайг оруулж ирэхэд татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариулав.  

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Баруун аймгуудад гурил оруулах асуудлыг яагаад орхигдуулсан бэ. Зөвхөн тодорхой компаниудад квот олгож байгаа юм байна. Яагаад бусдад давуу тал олгож байна вэ. Ховд аймаг өвөлжилт хүнд байгаа. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-тай 2500 төгрөгөөр өвс авахаар ярьсан байсан. Төрийн бодлогын залгамж чанар байх ёстой. Энэ хэзээ хэрэгжих вэ?

 

-Өнгөрсөн жил ихэнх нутгаар гандуу байсан. Тиймээс зорилтот ургацаа хурааж авч чадаагүй. Тиймээс 225 мянган тонн улаанбуудайг оруулж ирэх шаардлагатай. Аль нэг компанид давуу эрх олгоогүй. Өвс, тэжээлийг аль болох хямд үнээр нийлүүлэх талаар ярьж байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Өвөлжилт хүндрэх нь үнэн. Гэхдээ тооцоо судалгаа байна уу. Яагаад 250 мянга гэдэг тооцоо орж ирэв. Гурилын үнэ хэдэн төгрөгөөр буурах вэ? Өвөл, хавар гурилын үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа байгаа юу? Мал, малчингаа бодож байна гэх халхавчин дор компаниудын лобби яваад байгаа юм биш үү?

 

-ҮАБЗ хуралдаад ХХААХҮЯ-наас 17 мянган тонн буудай баруун аймгуудад өгөхөөр болсон.  250 мянган тонн гэдгийг бид тооцоолж байгаад гаргасан.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Зөвхөн Ховд аймагт биш улсын хэмжээнд өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Аль аймагт өвөлжилт илүү хүндрэхээр байна. Малыг хоргодол багатай өвлийг даван туулахад Засгийн газар анхаарч ажиллах ёстой. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Улаанбаатар хотын утааны асуудал өвлийн цас зуднаас дутахааргүй гамшиг болж байна. Энэ асуудлыг УИХ, Засгийн газар шийдэх хэрэгтэй.

 

-Ер нь баруун, төвийн аймгуудад цаг агаар хүндрэлтэй байгаа. Шуурхай алба яаман дээр ажиллаж байгаа. Өдөр бүр бид мэдээлэл авч байна. Бид жилдээ 1.2-1.4 сая тонн өвс тэжээл бэлтгэдэг байсан. Энэ жил гантай байснаас 900 мянган тонн өвс, тэжээл бэлтгэсэн. Тиймээс бид дутагдалтай байгаа өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлж, 51 мянган тонн өвс, тэжээлийг бүх аймгууддаа тараана. Хууль батлагдвал бүх аймгуудад өвс тэжээлээ хүргэнэ.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Малчдын мал махны борлуулалтад нь хэр анхаарч байна вэ?

 

-Махны борлуулалтад бид анхаарч байгаа. Хонь, ямааны маханд квот тогтоогоогүй. Өвс тэжээлийг зөвхөн мөнгөөр биш ноос тэжээл, махаар ч нийлүүлж болно. Махны компаниудтай энэ талаар ярьсан.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Бүрд сум хамгийн их буюу 27 см цастай байгаа аж. Нийт нутгийн 30 хувь нь зудын эрсдэлтэй, мөн 30 хувь нь зудад ойрхон байгаа талаар мэдээллийг албаны хүмүүс өгч байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин