“Төмөр замын гарам, аюултай бүс” сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа
2017-11-30

 

Нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр буюу 11 сарын 30-ны өдөр Зам, Тээврийн хөгжлийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн  нийгэмлэг ”Улаанбаатар төмөр зам“, Төмөр зам дахь цагдаагийн газар, Тээврийн прокурорын газар, Замын цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтан, жолооч нар болон Автотээврийн хяналтын улсын байцаагч нарын нийт 100 гаруй хүнд “Төмөр замын гарам, аюултай бүс” сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

 

Тус сургалт, зөвлөгөөн нь “Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрэм тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж”, “Төмөр замын хаалттай болон хаалтгүй гарам нэвтрэх журам”-ын хэрэгжилтийг хангах, төмөр замын гарам нэвтрэх журам баримтлаагүйгээс үүдэн гарч болзошгүй гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх хэвшил бий болгох зорилготой юм.

 

“ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт, зөвлөгөөн хийснээр:

 

  • Төмөр зам болон авто замын огтлолцлын цэг буюу төмөр замын гарам дээр галт тэрэг болон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдыг мэдлэг мэдээллээр хангах
  • Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах осол хэрэг гарч болзошгүй эгзэгтэй цэгүүдийн эрсдэлийг бууруулах, тэдгээрт тавих хяналтыг эрс сайжруулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах
  • Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх зөв дадал бий болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

 

Мөн энэхүү сургалт зөвлөгөөний хүрээнд хэлэлцүүлэгдсэн илтгэл, гаргасан санал, санаачлагыг үндэслэн зөвлөмж гарган, уг зөвлөмжийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангаж ажиллахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин