"Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллага Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадоржид хандан Ялалтын талбайд өнөөдөр жагслаа.
Жагсаалд оролцогчид "Амьсгалах эрхийг минь хангаж өгөөч", "Ж.Бямбадорж оо эмнэлэгийн коридороор яваад үзээч", "Ж.Бямбадорж дарга аа, ажлаа хийж чадахгүй бол чаддагаар нь хийлгэ", "Бид үхэж байна, бидний эрхийг хамгаалаач", "Хэдэн хүний амийг алдаж байж Ж.Бямбадорж та дуугарах юм бэ" зэрэг лоозон барьцгаажээ.
"Утааны эсрэг ээж, аавууд" төрийн бус байгууллага энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийхээр төлөвлөсөн.
Тэдний эхний жагсаал арваннэгдүгээр сарын 10-нд Хотын захиргааны гадаа болсон бөгөөд хотын дарга С.Батболдод хаягласан байсан юм. Хоёр дахь жагсаалаа ийнхүү ХЭҮК-ын гадна талбайд хийлээ. Дараагийн жагсаалыг Агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа хийх гэнэ.
Р.Дулам