Монгол Улс Азид анх удаа хүүхдийн улсын байцаагчтай боллоо
2017-12-05

 

Монгол Улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох сургалтыг зохион байгуулж,  хүүхдийн эрхийн улсын байцаагчид үнэмлэхийг нь өнөөдөр гардууллаа.  Тодруулбал, энэхүү сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран есдүгээр сарын 18-аас аравдугаар сарын 6-нд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн албан хаагчийг хамруулсан юм.  

 

Хүүхдийн эрхийн тухай хуульд  “Хүүхдийн эрхийн байцаагч”- г хуульчилсан байдаг. Хуульд заасан хүүхдийн эрхийн байцаагч нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тодорхой төрлийн хүүхдийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй аж.

 

Тухайлбал, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг зөрчил, хүүхэд харах үйлчилгээ, төрийн албатай холбоотой гурван зүйлийн зөрчлийг шалган шийдвэрлэх юм байна.

 

Шаардлагатай тохиолдолд хүүхдийн улсын байцаагчийг дахин бэлдэх бөгөөд шалгуур нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр таваас дээш жил ажилласан байх шаардлагатай аж.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин