Трампын шийдвэр Ойрхи Дорнодын хямралыг даамжруулах уу
2017-12-06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр эртний түүхт Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийн нийслэл хэмээн зарлаж магадгүй байгаа талаар олон улсын хэвлэлийнхэн мэдээлж байна.

 

 

Трамп Элчин сайдын яамаа нүүлгэхээр төлөвлөж буй бөгөөд уг асуудлаар туслахдаа үүрэг өгчээ.

 

Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн Трамп олон улсад хандан мэдэгдвэл АНУ-ын олон жилийн турш хатуу чангаар даган мөрдсөн гадаад бодлогод өөрчлөлт орох эрсдэлтэй байгаа юм.

 

“Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийн нийслэл гэвэл палестинчууд зүгээр хараад суухгүй” хэмээн “CNN” агентлаг мэдээллээ. Учир нь Палестин Иерусалем хотын зүүн хэсгийг эртнээс өөрийн улсын нийслэл болгохоор төлөвлөж, НҮБ-ын дэмжлэг хүсээд олон жилийг ардаа өнгөрөөжээ.

 

“Трампын шийдвэр Израйлийн талд ашигтай байвал Ойрхи Дорнодын хямрал улам даамжирч, палестинчуудын дургүйцэл дээд цэгтээ хүрэх аюултай” хэмээн Арабын холбооноос мэдэгдэв.

 

Олон улсын хамтын нийгэмлэг Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийнх болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд “Иерусалем хот нь Ислам, Жүүд, Загалмайтны шашинтнуудын ариун газруудыг багтаасан түүхэн чухал газар. Тиймээс энэ ариун газрын нэг улс өмчлөх нь хууль бус” гэлээ.

 

Цагаан ордны тэргүүн өчигдөр дээрх асуудлаар Египетийн Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси, Саудын Арабын хаан Салман, Иорданы хаан Абдулла, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай утсаар ярьжээ.

 

Удирдагчид Трампын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, “АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт орсноор Ойрхи Дорнодод хэзээ ч дуусахгүй үймээн дэгдэх болно” хэмээн сануулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин