“Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” хоёрдугаар сар хүртэл иргэдэд үйлчилнэ
2017-11-29

“Агаар, орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв” хоёрдугаар сар хүртэл иргэдэд үйлчилнэ

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар, орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төв нь “Барилга Мегастор” төвд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Барилга Мегастор”-т нээсэн, “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаатай танилцлаа.

 

“Барилга Мегастор”-н хоёрдугаар давхарт байрлах мэдээллийн төв нь аравдугаар сарын 23-наас иргэдэд мэдээлэл өгч, үйлчилж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал, онцлогийг танилцуулсан үзэсгэлэнг гаргасан байлаа. Уг төвд очсон иргэд 20 гаруй компанийн 50 гаруй нэр төрлийн технологитой танилцах, хооронд нь харьцуулах байдлаар өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой аж.

 

 

Тэгвэл “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д БЗД-ийн 23-р хорооны иргэн Д.Болдын гэр бүл халаалтын технологи сонирхож байсан юм. Тэрбээр амины орон сууцанд амьдардаг бөгөөд цахилгаанд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулсан технологиудыг харьцуулан, мэдээлэл авч яваагаа дуулгалаа. Д.Болд “Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь сайн хэрэг болсон. Мэдээллийн төвөөрөө дамжуулан өөр олон технолгиудыг танилцуулж, иргэдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар техник, технологи ашиглах талаархи мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй байна. Мөн мэдээллийн энэ төвийг өөр олон газарт байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн энд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа компаниуд үнийн уян хатан нөхцлийг санал болгож оролцох ёстой” гэсэн юм.

 

Түүнээс гадна уг төвөөр үйлчлүүлж байгаа ихэнхи иргэд агаарын бохирдлыг бууруулсан технологиос гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байлаа.

 

Мөн мэдээллийн төвийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа болон иргэд ямар төрлийн бүтээгдэхүүн илүүтэй сонирхож байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилтан Б.Даваасүрэнгээс тодруулсан юм. Б.Даваасүрэн “Мэдээллийн төвд өдөр бүр маш олон иргэд ирж үйлчлүүлж, мэдээлэл авч байна. Ихэнх иргэд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуур болон шалны халаатыг сонирхож байна. Гол асуудал нь санхүүгийн асуудал байна гэсэн санал, сэтгэгдлийг хэлж байгаа. Үүнийг шийдэхийн тулд зарим компаниуд тодорхой банкны лизингийн үйлчилгээ үзүүлж байна. Нарийн мэдээллийг мэдээллийн төвд ирж авах боломжтой” гэв.

 

Түүнээс гадна Мэдээллийн төвд танилцуулагдаж буй зарим технологиос дурдвал, иргэдэд “Кореан Кабль” компанийн зүгээс иргэдэд 4-5 төрлийн шалны халаалтын системийг танилцуулж байлаа. Тус компанийн цахилгаанчин Д.Жавзандамбын хэлснээр танилцуулж буй шалны халаалт нь цахилгаанд хэмнэлттэй төдийгүй, дулаан алдахгүй байх давуу талтай аж. Үнийн хувьд 1м2 нь 25-45 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

Shuud.mn
Сонин хачин