Бизнесийг “ногооруулах” гарц хайсаар
2017-12-08

 

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна.  Хүн төрөлхтний хэрэглээ цаашид хэвээр үргэлжилбэл  2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо хоёр дахин хэтэрнэ. Иймд дэлхий нийтээрээ ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг өөрчлөн “ногоон” хэлбэрт шилжих шаардлага тулгарч байгаа юм. Үүнд бизнесийн байгууллагын оролцоо чухал.

 

“Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган өнөөдөр боллоо. Чуулганд төрийн болон бизнесийн байгууллагынхан оролцон ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжтой танилцав.

 

Түүнчлэн байгаль орчны удирдлагын тогтолцоо (БОУТ)-г хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөлөл хуваалцлаа.


Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес, бодит боломж” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцсон юм.

 

Чуулганы үеэр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас ногоон бизнесийг хөгжүүлэхээр ямар ажил хийж байгааг лавлалаа. Тэрбээр “2016-2020 онд хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн баримт бичиг” гэж боловсруулсан. Засгийн газар нь маш том худалдан авагч. Энэ утгаараа ногоон бүтээгдэхүүн худалдан авч, ийм үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд тодорхой дэмжлэг үзүүлэх эрхзүйн зохицуулалт бий болгохоор Сангийн яам ажиллаж байна. Мөн байгальд ээлтэй арга технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгжид ногоон гэрчилгээ олгоно. Байгальд ээлтэй тоног төхөөрөмж борлуулж байгаа бол борлуулалтын үнэлгээнээс чөлөөлөгдөж байгаа. Өнгөрсөн онд 14 аж ахуйн нэгж 3.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байдаг. Мөн өнөөдрийн чуулганаар онцолж байгаа зүйл нь байгаль орчны менежментийн тогтолцоо буюу MNS ISO 14001-ийг үндэсний болгохоор яамнаас тодорхой бодолго баримтлан ажиллаж байгаагийн нэг нь энэ чуулган” гэлээ.    

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин