Үндсэн хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгана
2017-12-13

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  нар мэдээлэл хийлээ. 

 

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэг нь долдугаар сарын 30-наас найдугаар сарын 29-ний хооронд  үргэлжилсэн.  Хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр олон нийтийн саналыг авсан юм. 

 

Харин хэлэлцүүлэгт оролцоогүй иргэд шуудан, аппликэйшн ашиглах болон цахимаар саналаа өгсөн байна. Энэ хугацаанд нийт 327,375 саналын хуудас УИХ-д ирсэн бөгөөд эдгээрийг цахим хэлбэрт оруулж, нэгтгэжээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Нэгдсэн дүнгээс харахад тухайн жилийн улсын төсвийн төсөвт зарлагын шинэ төрөл үүсгэхгүй байх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох гэсэн асуудлыг оролцсон иргэдийн 72 хувь нь дэмжжээ. Төсөл дэх  "Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлнэ"  гэсэн заалтыг санал асуулгад оролцогчдын 64,8 хувь нь дэмжсэн байна.

 

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах заалтыг ч санал асуулгад оролцогчдын  50 орчим хувь нь дэмжжээ.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналуудыг нэмж оруулах эсэхийг ажлын хэсэг дээр ярилцана.

 

Санал асуулгад оруулаагүй асуудлаар иргэд байр сууриа илэрхийлсэн байна. Жишээ нь, байгалийн баялаг ашиглалтыг оновчтой тодорхойлох, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, УИХ-ын гишүүнд нэр дэвших хүмүүсийн насны хязгаарыг нэмэх, Төрийн сүлд, Төрийн дуулалтай холбоотой саналуудыг иргэд олноор ирүүлсэн байна. 

 

Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж дууссан. Одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажилд тэдгээрийг тусгахад анхаарна.  Ингэхдээ иргэдээс хамгийн өндөр санал авсан заалтуудыг оруулна хэмээн мэдээлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
HUNNU ULSIIN ZASAG ZAHIRGANII SISTEM SHVEDED ODOO CH HEREGLEED NEEH MUU YUM BAIHGUI BAINA ULAMJLALAA SERGEEHED BURUUDAHGUI
2017-12-13