Лиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн
2017-12-18

Британийн “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейн “KIIS” радиод ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

 

-Маш их баярлалаа. Танай радиогийн сонсогчдод энэ өдрийн мэндийг миний зүгээс хүргэж байна. 

 

-Хэдхэн сарын өмнө та аав болсон. Аав болох ямар байна даа?

 

-Үнэхээр давтагдашгүй мэдрэмжийг байнга авч байгаа. Маш жаргалтай байгаагаа хэлэх нь зүйтэй. Тэр бяцхан залуу олон хүнийг аз жаргалд умбуулж байгаа.

 

-Аав болоод айх, эмээх зүйлтэй учирсан байлгүй. Энэ талаараа?

 

-Үгүй гэвэл худлаа болох байх. Хүүгээ эсэн мэнд төрөөсэй хэмээн их залбирсан. Бурхан миний хүсэлтийг хүлээн авч эрүүл саруул, эрч хүчтэй хүүг бидэн рүү илгээсэн. Амьдрал ямар ч өрнөлгүй нэгэн хэвийн байвал утгагүй. Тиймээс би амьдралаа өөрчилж, өөрийнхөө дуртай зүйлсийг олохоор их олон жил тэмүүлсэн. Миний дэргэд хайртай хоёр хүн минь байна. Надад итгэж, миний хүүг төрүүлж өгсөн гайхалтай үзэсгэлэнтэй Шерил дэргэд минь байна. Энэ бүсгүй миний амьдралыг тодруулж өгсөн.

 

-Шерил танаас 10 насаар эгч.

 

-Бидний харилцаанд насны зөрүү ямар ч хамааралгүй. Бид нэг нэгнээ эхнээсээ төгсгөл хүртлээ хайрлах болно. Би энэ бүсгүйг хараад л дурласан. Миний анхны бөгөөд сүүлчийн хайр минь.

 

 

-Олон охин таныг Шерилтэй дотно харилцаатай болоход сэтгэлээр унасан. Та хоёрын харилцаанаас болж олон охин шүтэн бишрэгчийн холбооноос гарсан гэж сонссон.

 

-Би ганцхан бүсгүйг хайрлаж чадна. Учир нь надад ганцхан зүрх бий. Би шүтэн бишрэгчиддээ хайртай. Тэд намайг дэмжиж бас урам хайрладаг. Гэхдээ та бүхэн намайг болон хамтлагийн залуусыг минь хайрлахаас илүүтэй уран бүтээлийг минь хайрлаасай хэмээн хүсч байна.

 

-Хамтлагийнхан тань та хоёрын харилцааг хэрхэн хүлээн авав?

 

-Тэд анхнаасаа бидний харилцааг дэмжиж байсан.

 

-Таныг анхны бие даасан цомгоо гаргаж байгаа гэж сонссон.

 

-Тийм ээ. Тун удахгүй цомог минь худалдаанд гарна. 

 

-“One Direction” хамтлаг тараагүй биз дээ?

 

-Үгүй ээ. Бид хамтлагаараа бус ганцаарчилсан уран бүтээл хийхээр тохиролцсон юм.

 

 

-Нэг сонирхолтой асуулт асууж болох уу. Та Шерилийг хэн гэж дууддаг вэ?

 

-Эхнэр.

 

-Эхнэр гэсэн үү. Хуримаа хийгээгүй байж эхнэр хэмээн дуудаж байгаа гэж үү?

 

-Намайг эхнэр гэж хэлэхээр Шерил их ичдэг. /инээв/

 

-Та хоёр гэрлэх талаар ярилцаж байгаа юу?

 

-Мэдээж хэрэг би сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг. Учир нь бидэнд өхөөрдөм хөөрхөн хүү байна.

 

-Та хоёр хүүгээ Баавгай хэмээн дууддаг гэсэн.

 

-Тийм ээ. Их хөгжилтэй.

 

-Хүү тань хэнтэй илүү ижилхэн вэ?

 

-Нүд болон хамар нь надтай их ижилхэн. Шерил үргэлж тэгэж хэлдэг юм. Харин уруул нь ээжтэйгээ их адилхан.

 

-Ярилцлагын эхнээс л таны гартаа шивүүлсэн шивээс миний анхаарлыг их татлаа. Энэ нүд үү?

 

-Тиймээ. Энэ бол Шерилийн нүд. Тэр миний харж буй бүгдийг харах учиртай.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин