Органик хүнсний тухай хуулийг хэлэлцэв
2017-12-19

 

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Гишүүд хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой органик  гэдэг гадаад нэр үгнээс татгалзах талаар санал гаргаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Бид гадаад нэр томъёо их хэрэглэж байна. Саяхан Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Гэтэл генетик гэдэг нь малын удмын сан гэсэн үг. Энэ санал маань дэмжигдээгүй. Тиймээс хуулийн нэр томъёонд анхаармаар байна” гэлээ.  Органик хүнсний тухай хуулийн төсөлтэй холбоотой Тариалангийн тухай хуулийн төсөл дагалдаж байгаа. Үүнтэй холбоотой гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөдөө орон нутагт хүлээлт их байна.  Шинэ Засгийн газрын үйл ажиллагааг харж байна. Шинэ Засгийн газар байгуулагдахдаа уул уурхай, лицензийг цэгцэлнэ гэсэн. Иргэд очих бүрт үүнийг асууж байна” гэсэн санал хэлсэн юм.

 

Гишүүн Д.Тэрбишдагва “Бид хөдөө аж ахуйн салбартаа анхаарах хэрэгтэй.  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиар бүх бараа таваарыг биржээр дамжуулна гэсэн. Хэрэгжилт нь ямар байгааг анхаарах хэрэгтэй” гэлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороонд Г.Тэмүүлэн гишүүн танилцуулахаар боллоо. Ийнхүү тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин