Тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв
2017-12-19

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийг гурав дахь удаагаа байгуулж, ирэх гурван жилд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

 

 

Талууд жил бүр тусгай төлөвлөгөөний дагуу хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны дүнд цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн, мөн олон удаагийн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зарим зөрчлүүд, тухайлбал, эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол эрс цөөрсөн зэрэг эерэг үзүүлэлт гарсан тул энэхүү санамж бичгийг үргэлжлүүлэхээр болсон хэмээн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд дүгнэлээ. Харин ХЭҮК-ын зүгээс “Шинэ хууль тогтоомжийн дагуу цагдаагийн байгууллагын ажилтнууд мөрдөгчийн статустай болж байгаатай холбоотойгоор байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байхыг хүслээ. Үүний тулд тусгайлан тоноглосон зориулалтын өрөөнд байцаалт авах, тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэлээ. Мөн эрүүлжүүлэх, баривчлах байруудын ариун цэвэр, орчныг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг шийдвэрлэх, дотоод хяналтын албыг чухалчлах, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад удаан хугацаагаар, үндэслэлгүйгээр хорьж саатуулах явдлыг цэгцлэх шаардлагатай зэргийг чухалчилж буйгаа илэрхийллээ.

 

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдээд буй 25 ажилтанг сургалт явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрхийн сургагч багшгүй 16 аймагт сургалт явуулах, эрүүлжүүлэх болон баривчлах байрны асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хийхээр боллоо.

 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин