Ө.Энхтүвшин: Иргэн бүрт нийгмийн үйлчилгээг хүргэхэд түншүүдтэйгээ хамтарна
2017-12-20

 

Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна. Энэхүү төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах түнш байгууллагуудын уулзалт өнөөдөр ОБЕГ-т боллоо. Уулзалтад Шадар сайд О.Энхтүвшин, “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх, АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын удирдлагууд, гадаад улсын Элчин сайдын яамд, хамтран ажилладаг Олон улсын  байгууллагын ажилтнууд, малчид зэрэг 80 гаруй төлөөлөгч оролцсон.

 

Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Энэ оны аравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж буй манай Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогын концепцийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд хүн төвтэй нийгмийн бодлогоо тодорхойлж, дунд хугацааны тэргүүлэх чиглэлд “Хүнийг хөгжүүлэх, ажиллаж амьдрах аюулгүй орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн юм.Энэхүү бодлогын хүрээнд иргэн бүрт нийгмийн үйлчилгээг хүргэхийн төлөө бид манай улсын хөгжлийн түншүүдтэйгээ хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн төлөө бүхий л талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэмээр байна.

 

Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэнээр Тогтвортой хөгжлийн ололт амжилтыг хамгаалах нь” сэдэвтэйгээр 2018 онд Монгол Улсад зохион байгуулах санал дэвшүүлсэн юм. Үүгээр бид “2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой  хөгжлийн үзэл баримтлал”-даа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлснээр байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан зорилтоо үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй туршлага, ололт амжилт, сургамжаасаа Ази, Номхон далайн болон бусад бүсийн улс орнуудтай солилцож, бусдын тэргүүн туршлагаас суралцан, харилцан хэлэлцэх бүс нутгийн платформыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

ОБЕГ болон Мерси Кор олон улсын байгууллагын хамтын ажиллагаа нь иргэдийг гамшгаас хамгаалахад чухал хувь нэмэр оруулж, манай улсын тэргүүн туршлагын нэг болж байгааг сайшаалтайгаар тэмдэглэмээр байна” гэв. Тэрбээр түүнчлэн 2018 оноос эхлэн багц мэдээллийн үйлчилгээг манай улсын бүх малчин өрх буюу нийт 21 аймгийн болон Улаанбаатар хотын 160,600 малчин өрхөд шуурхай хүргэх боломж бүрдэж байгааг онцоллоо.

 

 “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагын 2015 оноос хойш 16 аймгийн 171 суманд өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өнгөрсөн аравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл ХХК-ийн удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичигт“ гарын үсэг зурсан. Ингэснээр малчид багийн түвшинд гар утсаараа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авдаг болсон. Цаашид малчид малын өвчин, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг гар утсаараа хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин