Хүүхдийн жирэмслэлтийг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна гэв
2017-12-20

 

“Хүүхдийн жирэмслэлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг нэн даруй бодлогоор шийдвэрлэх шаардлагатай байна” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч А.Илиза “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалтын үеэр өнөөдөр хэллээ. 

 

Уулзалтыг Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан бөгөөд ХЭҮК-ын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч А.Илиза нар уулзалтыг нээв. Мөн суурин төлөөлөгч "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаарх НҮБ-ын Хүн амын сангийн баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-г танилцуулж илтгэл тавилаа.

 

Мөн тус уулзалтад ЭМЯ-ны Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нинжбадгар "Өсвөр насны охидын жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийн байдал, төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, "Гүнж төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрах "Охидын жирэмслэлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, тулгамдаж буй бэрхшээл, төрөөс цаашид анхаарах асуудал, санал зөвлөмж”, Тэргэнцэртэй иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Чулуундолгор "Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, тулгамдаж буй бэрхшээл, төрөөс цаашид анхаарах асуудал, санал зөвлөмж” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Манай улсын хувьд эх, үрсийн эндэгдлийг багасгасан дэлхийн 10 орны тоонд багтдаг ч насанд хүрээгүй хүүхдийн жирэмслэлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал нэн даруй бодлогоор шийдвэрлэх шаардлагатайд тооцогдож буйг олон улсын байгууллагын төлөөлөл мэдэгдэв.

 

 

Мөн хүүхдийн эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд "Дан ганц охидыг буруутгах сөрөг хандлага нийгэмд байгаад эмзэглэдэг, эцэг, эхийн хараа хяналт сул, бэлгийн боловсрол, мэдлэг ойлголт сул, биеэ хамгаалах боломж бага зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр цагаасаа эрт ээж болох, хүчингийн гэмт хэргийн золиос болох магадлал ихтэй, мөн хөвгүүд, эрчүүдэд ч хамааралтай асуудал гэдгийг ойлгож мэдрэмжтэй ажиллах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Мөн төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, бодлогоор зохицуулж өгөх ёстой. Бэлгийн хавьталд орж буй бага насны хүүхдүүд санхүүгийн чадваргүй, аав, ээжээсээ бэлгэвчний мөнгө авах боломжгүй зэрэг жижиг гэлтгүй шалтгаанууд бага насны охидын жирэмслэлт, бэлгийн замын халдвар тээх хүчин зүйл болж байгаа” зэрэг судалгаанд тулгуурлан санал солилцлоо.

 

ХЭҮК энэ онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн (насанд хүрээгүй, ядуу, тусгай хэрэгцээт, алслагдсан бүсэд амьдарч буй, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэйгэх зэрэг) охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар НҮБ-аас Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа юм байна.

 

Уг ажлын хүрээнд Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, энэхүү эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхэд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм.

 

Өнөөдрийн уулзалтад төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтнууд оролцож байгаагаараа онцлог юм. Тэд тус бүрийн аймагтаа дээрх судалгаа, дүн шинжилгээ, мониторингийг эхлүүлээд байгаа юм.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин