Эвдэрсэн сэтгэл эргэж эвлэдэггүй
2017-12-22

 
 
Ариун хэвлийдээ үзэсгэлэнт цэцгийн үрийг тарьж, зүрхний цохилт, амьсгалын тоо бүртээ хайраа шингээн услаж, торнин өндийж, тонгочин хөдлөх бүрт нь баярлан догдолж, уулзан учирч, уйлж инээх тоолонд нь хайраа дэвсэн өхөөрддөг билээ эх бүхэн үрээ. Өөрийн ургуулсан тэр л цэцгийг өдрөөс өдөрт улам үзэсгэлэнтэй, эрүүл энх ургахыг нь харах дээдийн жаргал. Ариухан тэр цэцгийг тасдан тарчлаахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Энхрий гэнэн насыг нь хар толбоор тамгалж, эрхэлж тоглох үеийг нь шаналал, нулимсаар угаах эрх хэнд ч үгүй.
 
 
Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлж, төрүүлсэн эх нь гудамжинд хөөж гаргадаг, төр нийгэм нь нүдээ аниад өнгөрдөг ямар нийгэмд амьдарч байна вэ бид чинь. Хүн нэртэй баг зүүсэн эдгээр адгуусаас эрх хонгор үрээ хаанаа нуух болж байна. Өнөөдөр Монгол Улсад хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Зүрх зүсэм аймшигт хэргүүд ар араасаа цуварна. Үүний хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд гэж бодохоор харамсалтай. Учраа мэдэхгүй нялх амьтныг бие болоод сэтгэлийг нь урж тасдаж байхдаа дээдийн таашаалыг авлаа гэж бодохын оронд хойд насандаа ч төлөөд барамгүй том нүгэл үйлдэж буйгаа яагаад ойлгодоггүй юм бол. Хүчирхийлэл хүүхдүүдийн бие махбодийг нь гэмтээдэг ч хамгийн аймшигтай нь сэтгэлд насан туршид нь дагах хамгийн том зовлон болж үлддэг ажээ.
 
 
 
СЭТГЭЛ БОЛ ЭРХТЭН. ЗҮРХ ШИГЭЭ ТҮҮНИЙГ ХАЙРЛА
 
Сэтгэл бол эрхтэн. Түүнийг зүрх шигээ хайр­лаж, халамжилж, хамгаалж, эмчлэх шаардлагатай. Анхаарал жаахан сулрахад бэтгэрч, амьдралын олон бэрхшээл, зовлонг даван туулж чадахгүй бол насан туршдаа шаналалыг тээж явдаг хамгийн эмзэг эрхтэн ажээ. Тэр нь эргэж эвлэх нь ховор бөгөөд насан туршид нь айдас түгшүүр түүнийг дагаж явдаг гэж мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Өнөөдөр манай оронд хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдийн бүртгэлийг нэгтгэж гаргасан нарийн судалгаа, тоо баримт алга. Зөвхөн эцэг эх нь мэдэж хуулийн байгууллагад хандсан хүүхдүүдийн тооноос өөр мэдээлэл үгүй. Өнөөдөр хүртэл хаа нэгтээ хэн нэгний хүчинд автчихаад алаг нүдэндээ нулимс цуглуулан бүлтгэнэж байгаа хүүхэд олон байгааг үгүйсгэхгүй. Тэдэнд ямар хохирол учирсныг зөвхөн хэдхэн жилийн ял төдийхнөөр хэмжих нь дэндүү арчаагүй шийтгэл гэлтэй. Биеийг нь эмчилж, эдгээлээ ч сэтгэлийн шархыг нь яах вэ. Энэ л хамгийн том асуудал юм.
 
 
 
79.8 ХУВЬ НЬ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ
 
2015-2016 онд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн насны ангилал
 
Хүчирхийлэлд өртсөн хүн болон насанд хүрээгүй хүүхдүүдийн бие болоод сэтгэлд нь цогц эмчилгээ хийдэг төрийн тодотголтой ганцхан байгууллага нь “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв” юм.  Энэ төвд нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн хэлтэс болон асрамжийн газар, саатуулах байр, хөдөө орон нутгаас хүүхдүүд ирдэг. Хаалгаар нь ороход нам гүм. Ганц, нэгхэн хүүхэд өрөөнөөсөө цухайж харагдана. Улаан цамцтай нэгэн хүү байн байн эргэн харж, хэн нэгнийг хүлээж буй бололтой хаалга харуулдана. Урт хонгилд дараалан байрлах дөрвөн өрөөний хаалга нээлттэй бөгөөд өрөө бүхэнд эмчлүүлэгч бий гэж эмнэлгийн ажилтнууд хэлж байв. Хэрэв сургууль байсан бол бяцхан хүүхдүүдтэй ярилцаж, инээд баяслаас нь энерги авахсан. Даанч сэтгэлийн шархаа тээж ядан гунигтайхан хэвтэх тэднээс үг сонсч, шархалсан сэтгэлийг нь хөндөж зүрхэлсэнгүй. Хурдан эдгэрээд баяр хөөртэй гүйлдээсэй гэсэн ганцхан бодлоор өөрийгөө аргамжиж өрөөнийх нь үүдээр шагайгаад буцав. Энэ төвд ханддаг, хэвтэн эмчлүүлдэг хүүхэд харьцангуй бага юм байна. 2015-2016 онд СЭМҮТ-ийн Хүүхэд залуучуудын клиникт ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн 38 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 35 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүүхэд байж. Насны хувьд 4-17 насныхан.  Эдгээрээс 78.9  хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байв. Энэ тухай тус төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгор “Хүүхэд өөрөө гүйж очоод хүчирхийлэлд өртдөггүй. Заавал урьдагч хүчин зүйл байдаг. Үүнд гэр бүлийн байдал, салалт, харилцааны зөрчил, гэр бүлийн аль нэг гишүүн архины хамааралтай эсэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад хүүхдэд тавих хараа хяналт сулардаг. Хүчирхийлэлд өртсөн л бол хүүхдийн сэтгэлзүйд заавал хүнд хөнгөн хэлбэрийн гэмтэл учирна” гэв.
 
 
 
2015-2016 оны хооронд СЭМҮТ-д хандсан хүүхдүүдийн сэтгэлд ямар өөрчлөлт орсон тухай дараах тохиолдлуудыг сийрүүлье.
 
 
 
БАРИМТ 1
 
10 настай эмэгтэй. Эцэг, эх нь салсан. Ээж нь хажуу айлдаа орхиод явсан үед хүчирхийлж, бэлгийн замын өвчин халдаасан. Хүүхдийн биеэр юм гарах, хар дарж зүүдлэх, айх, гэнэт уйлах, зовиур илэрсэн.
 
 
 
БАРИМТ 2
 
14 настай эмэгтэй. Хүргэн ах нь удаа дараа хүчирхийлсэн. Гэмт үйлдлээ хийхдээ амыг нь скочирддог байсан. Үүнээс болж охин амьсгал давчиддаг, амархан айдаг, ганцаардмал, зожиг болсон.
 
 
 
БАРИМТ 3
 
17 настай эмэгтэй. 15 настайд нь хамаатны ах нь хүчирхийлсэн. 17 настайд нь төрсөн эцэг нь хүчирхийлсэн. Үүнээс болж сэтгэлээр унадаг, ганцаардмал, айдастай, тайван бус болсон.
 
 
 
БАРИМТ 4
 
17 настай эмэгтэй. Дугуйлангийн багш нь амжилтад хүрэхийн тулд багштайгаа бэлгийн харьцаанд орох ёстой гэж дарамталсан. Биеийн эмзэг газруудад удаа дараа хүрсэн. Үүний улмаас охин гэнэт уйлдаг, цочдог, сургуульдаа явах дургүй болсон.
 
 
 
БАРИМТ 5
 
16 настай эмэгтэй. Багш нь дотуур байранд хүчирхийлсэн. Сургуулийнх нь хүүхдүүд мэдсэн учир шилжсэн. Ангийнхантайгаа байх дургүй. Уцаартай, гэнэт орилж, үсээ зулгаадаг болсон.
 
 
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД НОЙРГҮЙДЭЛ ИЛЭРДЭГ
 
Хэрэв таны хүүхэд нойргүйтэж, тавгүйтэх, зожигрох шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай аж. Хүүхэд өөрөө хэзээ ч хүчирхийлэлд өртснөө хэлж зүрхэлдэггүй. Хэрэв хэлчихвэл намайг ойлгох болов уу. Намайг буруутгах болов уу гэсэн бодол тээж явдаг байна. Энэ тухай Л.Цэрэндолгор эмч “Манайд эмчлүүлж буй хүүхдүүдийг ажихад тэд хэзээ ч хүчирхийлүүлснээ эцэг эхдээ хэлдэггүй. Хүчирхийлэл даамжирч, удаан хугацаанд үргэл­жилсний дараа, тэсвэр алдсан үедээ, эсвэл эцэг эх нь ажиглаж мэдсэний дараа эмчлүүлэхээр ирдэг. Энэ хооронд цаг их алддаг. Үүнээсээ болж ихэнх нь амиа хорлох бодол тээдэг. Сэтгэцийн энэ гэмтлийг цаг алдалгүй эмчлэхгүй бол энэ шаналал насан туршид нь дагадаг аюултай. Үүнээс болж нэг насаараа эмчийн хяналтад эмчлүүлсэн ч эдгэрэшгүй эмгэгийг тээж явна гэсэн үг” гэлээ. Биеийн шархыг эдгээж болох ч сэтгэлийн шархыг анагаах нь хамгийн хүнд аж. Сэтгэлдээ том шарх тээсэн хүүхэд өсч томроод эрэгтэй хүнд итгэх итгэлгүй, бэлгийн таашаалыг мэдэрдэггүй, нийгмээс ангид болж төлөвшдөг юм байна. Үүний эсрэг СЭМҮТ-ийн эмч нарын гол эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээ аж. Тухайн хүүхэд хүчирхийлэлд өртснөөс болж ямар шинж тэмдэг илэрч байна вэ. Түүнд нь тохирсон ярилцлага, сэтгэлзүйн зөвлөгөө, тайвшруулах дасгал зэргийг тогтмол хийдэг аж. Хүүхэд бүхний сэтгэцийн өөрчлөлт харилцан адилгүй тул эмчилгээний хугацаа өөр, өөр байдаг юм байна. Сэтгэл заслын эмчилгээнээс гадна суурь эмчилгээ буюу эмийн эмчилгээг заавал хавсардаг. Хэвтэн эмчлүүлээд гарсных нь дараа орхилгүйгээр сард нэг удаа байнга үзлэгт хамруулж, эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлага тавьдаг ч тэр бүр эргэж ирэх хүүхэд бага байдаг тухай эмч нар ярьж байв.
 
 
 
ХҮҮХДЭЭ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ БУРУУТГА
 
Хүүхэд гэдэг хамгийн гэгээн, ариухан ертөнц. Тэр ариухан ертөнц гэмтэж, сэвтсэн бол бурууг өөрт нь битгий өгөөрэй. Энэ нь шархалсан сэтгэлийг нь улам сэдрээх аюултай гэж “Ариун гэгээ” төвийн сэтгэлзүйч, эмч, доктор Н.Хандсүрэн зөвлөж байна. Тэрээр “Би 15 жил сэтгэлзүйн чиглэлээр Америкт сурч доктор хамгаалсан. Энэ хугацаанд олон эмнэлэгт ажиллаж байлаа. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд асар их айдсыг өөртөө хуримтлуулдаг. Өөрийгөө зүхэх, буруутан шиг бодох нь элбэг. Тиймээс эцэг эхчүүд минь хүүхдээ хэзээ ч битгий буруутга. Өөрийгөө хангалттай буруутгачихсан байгаа хүүхдэд энэ нь бүр дарамт болно. Үүний оронд найз шиг нь ярилц, хамт цагийг өнгөрөө. Японд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэлзүйг засах олон байгууллага бий. Охид тэнд байрлаж, амьдралын тухай, сайн сайхны тухай лекц сонсч, сэтгэлзүйчидтэй ярилцдаг. Харин манайд иймэрхүү байгууллага ховор байна. Ганцхан цаг сэтгэлзүйчтэй ярилцсанаар асуудлаа шийдэхгүй. Бүрэн эмчлэхийн тулд бүхэл бүтэн баг, нарийвчилсан сэтгэлзүйн зөвлөгөө болон цаг хугацаа шаардлагатай” гэв. Хүчирхийлэл үргэлж хавсарсан шинжтэй байдаг юм байна. Бэлгийн хүчирхийлэл дээр бие махбодийн хүчирхийлэл нэмэгдсэнээр хүүхдийн сэтгэцэд ноцтой өөрчлөлт ордог. Үүнийг эмчлүүлэхгүй даамжируулбал амь насаа алдах эрсдэлтэй аж.
 
 
 
ГЭР БҮЛ САЛАЛТААС БОЛЖ ХҮҮХДҮҮД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА
 
Гэр бүл салалт нь хүүхдийн хүчирхийлэл сэтгэцийн эмгэгтэй болох амиа егүүтгэх бодол төрөх буюу үйлдэл хийх үзэгдэлтэй салшгүй холбоотой юм байна. Судлаач Бадамдоржийн судалгаанаас харахад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн таван тохиолдол нь эцэг эх нь салсан, есөн тохиолдол нь хойд эцэг эхтэй, зургаан тохиолдол нь гэр бүл нь байнгын хэрүүл маргаантайн улмаас хүүхдэдээ тавих анхаарал халамж нь суларсан, хүүхдээ асрамжийн газар өгсөн тохиолдлууд байна. Энэ тухай “Амгалан ирээдүй” ТББ-ын зөвлөх Х.Аринзаяа “Манай байгууллага 2013 онд анх байгуулагдсан. Охид бүсгүйчүүд болон бага насны хүүхдийн эрхийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны эхний зургаан сарын судалгаагаар манай төвд гэр бүлийн байдлаас болж гэрээсээ дайжсан 51 хүүхэд хандсан. Үүний 70 хувь нь 12-17 насны охид байна. Эдгээр хүүхдийн зарим нь гэрээсээ дайжиж явахдаа хүсээгүй бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлүүлсэн гэдгийг нь эмчийн үзлэгээр баталсан. Холбогдох шүүх цагдаа болон нийгмийн халамжаар үйлчилдэг байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Бидэнд хандсан нь л тэд болохоос мэдэгдэхгүй хэдэн хүүхэд хүчирхийлэлд өртөж, бие болон сэтгэлээрээ хохирч явааг мэдэхгүй байна” гэв. Хүчирхийлэлд өртөөд эмчлүүлсэн хүүхдүүдийн 10 хувь нь ужиг сэтгэл гутралтай болдог гэж судлаач Ц.Цолмон судалгааныхаа ажилд бичжээ. Үүнээс гадна 44.7 хувь нь хар дарж зүүдэлдэг, 39.5 хувь нь үг дуу цөөтэй болох, 31.6 хувь нь уур уцаартай болдог. гэсэн судалгаа байна.
 
Энэ бүхнээс харахад дээрх тохиолдлуудыг харахад хүүхдээ аюулын ангал руу түлхдэг улс нь эцэг эхчүүд өөрсдөө юм байна. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, босгосон амьдралдаа үнэнч байж, ар гэртээ халуун дулаан, аз жаргалтай уур амьсгалыг бүрдүүлж чадвал ямар ч хүүхэд гэрээсээ даажихгүй. Мөн бяцхан үрийнхээ үгийг сонсч, тэдний хамгийн сайн найз, зөвлөгч нь байж чадвал хүчирхийлэл гэсэн аюулаас балчир үрээ хамгаалах боломж бидэнд байна.
 
 
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Shuud.mn
Сонин хачин
zochin:
сүүлийн хэдэн жил монголийн интернэт ертөнцөөр гомо мөнхөө гэдэг гаж донтоны тухай нэлээн шуугисан гомо мөнхөө гэдэг нь шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй өсвөр насний хүүхэд татаж чангаагаад үүнээсээ болж ийм нэртэй болсон мунхаг, балмад хүн байдаг нэг ёсны маньяк гэхж болно
2017-12-22
БУЗАР:
БУЗАР
2017-12-22