НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр батламжаа гардлаа. Тодруулбал, 4 000 000 төгрөгийн азтан Ж.Нямаа, Г.Зундуй, 20 сая төгрөгийн азтан Ч.Булган, 500 сая төгрөгийн азтан Ж.Алтанзул нар батламжаа гардсан юм.
Энэ үеэр НӨАТ-ын сугалааны тохирол эхэлсэн үеэс буюу хоёр жилийн турш эзнээ хүлээсэн супер шагналын эзэн Ж.Алтанзулаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “BSB сервис” компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс 3450 төгрөгөөр ундаа, зайрмаг авснаар 500 сая төгрөгийн эзэн болжээ.
БИЕ ХАМГААЛАГЧ БИШ НӨАТ-ЫН ХОЁР АЖИЛТАН БАЙСАН
-500 сая төгрөгийн азтан болсноо хэрхэн хүлээн авсан бэ?
-Нүдэндээ итгээгүй. Ажлынхаа залуугаар дахин шалгуулсан. Тэр сугалаанаас 20 мянган төгрөг болон, 500 сая төгрөгийн азтан болсон.
-Шагналынхаа мөнгөөр юу хийх вэ?
-Шагналын мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөө гаргаж амжаагүй л байна. Хамгийн эхэнд шар будаа аваарай гэсэн. Бас ээж, аавыгаа баярлуулна.
-Хоёр жилийн турш нэг ч баримт хаялгүй хураасан гэхээр одоо нийт хэдэн баримттай болсон бэ?
-Одоогоор 600 гаруй баримттай болсон. Сугалаа явагдаж эхэлсэн үеэс эхлээд нэг ч баримт хаяагүй. 500 сая биш юм аа гэхэд азтан болно гэдгээ мэддэг байсан.
-Таныг баримтаа баталгаажуулахдаа хоёр бие хамгаалагчтай ирсэн гэсэн шуум байна. Нууц биш бол хаана амьдардаг вэ?
-Хоёр бие хамгаалагчтай очоогүй. Баримтаа баталгаажуулчхаад Татварын байцаагчид материал бүрдүүлж өгөх үед НӨАТ-ын сугалааны хоёр ажилтан надтай цуг очсон юм. Тухайн үед ажилчид нь “Хоёр бие хамгаалагчтайгаа ирж байгаа юм уу” гэж байсан. Энэ шуум тэндээс үүссэн байх. Миний хувьд Хан-Уул дүүрэгт нөхөр хүүгийн хамт амьдардаг.
2016 онд НӨАТ-ын сугалааны тохирлоор 497 465 иргэнд нийт 35.1 тэрбум төгрөг олгожээ. Харин энэ онд 644 404 иргэнд 69.3 төгрөг олгохоор болжээ. Мөн түүнчлэн 2016-2017 онд 29 удаа сугалааны тохирол явуулж найман тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Сугалааны азтаны 90 гуруй хувь нь 20 мянган төгрөгийн азтан болдог аж.
М.Дөлгөөн
Уншиж байна |