Эрдэнэс Монголчууд түүхт 10 жилийн ойгоо тэмдэглэлээ
2017-12-27

 

Түүх сөхвөл, “Эрдэнэс Монгол” ХХК  тэртээ  2007 онд Засгийн газрын 266 дугаар тогтоол, ТӨХ-ны 52 дугаар тогтоолоор байгуулагдаж хоёрхон хүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК-иудыг  багтаасан том нэгдэл болж өргөжсөн байна.

 

Компанийнхаа баялаг түүхийг  тэрээр өнгөрсөн 10 жилийн үйл ажиллагааны ололт амжилт,  ирээдүйн стратеги зорилтоо танилцуулсан  “Гүний хязгаарт” түүхэн баримтат кино болон “Эрдэнэс иргэн бүрт” номдоо мөнхлөн шингээжээ. 

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн түүхэн ойн арга хэмжээнд төр засгийн болон охин, хараат компаниудын төлөөллүүд, үе үеийн ажилтнууд, хамтран ажилладаг түншүүд, харилцагч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.  Ойн баярын арга хэмжээг нээж тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үг хэлсэн.  Тэрээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд түүчээлэн,  хөдөлмөр, сэтгэлээ зориулж, өнгөрсөн 10 жилийн түүхийг бүтээсэн эзэд болох нийт ажилтан албан хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлээд, “өнгөрсөн 10 жилийн ололт амжилт бол та бүхний хичээл зүтгэл, төр засгийн дэмжлэг, хамтран ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн байсан” хэмээн онцолж талархал илэрхийлсэн юм.

 

Арга хэмжээнд УУХҮ-ийн сайд А.Сумъяабазар оролцож хэлсэн үгэндээ “Эрдэнэс Монгол бол уул уурхайн салбарын хөгжилд түүчээлэгч гол тулгуур хүч” хэмээн онцлоод  удахгүй дэлхийд  нэрээ дуурсгах Эрдэнэс Монгол болохыг ерөөж амжилт хүслээ.

 

Үндэсний язгуур урлагийн тоглолтуудаар салхи хагалсан ойн баяр газар хэлтсүүдийн дунд зохион байгуулсан дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах, ”оны шилдэг”-ийг шалгаруулах зэрэг арга хэмжээгээр үргэлжилсэн.  Байгууллагын “оны шилдэг”-ээр Хөрөнгө оруулалт төслийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Ж.Номин, Бизнес төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ү.Уранбилэг,  Хуулийн хэлтсийн дарга Б.Сүндэръяа, Олборлолт нөөц геологи хариуцсан мэргэжилтэн Д.Бямбадэмбэрэл нар шалгарчээ.

 

Дэлгэцийн шилдэг бүтээлээр С.Эрдэнэбулган захиралтай Үйл ажиллагааны газар шалгарч хамт олноо хөгжөөв.  Эрдэнэс Монгол компанийн  залуус амьд хөгжмийн “Эрдэнэс квартет” хамтлаг байгуулан, ойн арга хэмжээн дээр хамт олондоо сюрприз барьсан нь үнэхээр гайхалтай байлаа.  Алдарт  “Инээмсэглэл”-ийн Ч.Ганхуяг хүртэл сэтгэл нь догдолж, хамтрах санал тавиад амжжээ. 

 

Тийнхүү салбарын 95, байгууллагын 10 жилийн ойн медалиуд энгэрт гялалзсан, Одбаяр захирлын “гарын” коктейлээр амт нэмсэн,  амьд хөгжмийн хамтлагтайгаа хамт доргисон нэгэн үдшийг Эрдэнэс Монголчууд үдлээ.   Нэгэн арваныг ардаа үдсэн Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийг түүчээлэгч Эрдэнэс Монголчууддаа 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, их үйлс бүтээлд нь амжилт ерөөе.

Х.Сугар

Shuud.mn
Сонин хачин