С.Чулуун: Үндэсний тусгаар тогтнолын өдөр бол Монгол оршин буйн үндэс
2017-12-28

ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунтай ярилцлаа.

 

 

-Монголчууд  жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхэн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөх бидний сэрэх, ухаарах зүйл юу вэ?

 

-1911 он монголчууд тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулсан түүхэн өдөр. Энэ өдрийг монголчууд 2000-аад оны эхэн хүртэл тоотойхон тэмдэглэж байсан. Анх 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргасан. Ингээд 2011 оноос бүх нийтээр амардаг  үндэсний баярын өдөр болгосон. Монгол Улс  тусгаар тогтносон өдөр бол Монгол өнөөдөр оршин буйн үндэс, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр. Язгуурын монголчууд 200 орчим жил  бусдын эрхшээлд явж байгаад   цагийн тохиолыг харж, Орос,Манж гэсэн том эзэнт гүрний дунд дэлхийн бодлого Азид чиглэсэн бодлого байж боломжгүй хүнд нөхцөлд Чингис хааны угсааны ноёдууд толгойлсон хувьсгал гарсан. Тэр үеийн монголчууд үнэхээр Монголынхоо үндэс, язгуурыг сэргээж, язгуурын Монгол Улсыг дахин тунхаглаж байна гэж ойлгож, олон газраас нэгдэн нийлж байсан. Гэвч цагийн тохиол, олон хүчин зүйлээс хамаарч тэр нь 1915 оны Хиагтын  гэрээгээр  тасалдсан. Гэхдээ 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал гээд олон үйл явцаар тасралтгүй үргэлжилж өнөөг хүрсэн. Өрөөр хэлбэл, 1921, 1990 оны хувьсгалыг өвөг нь 2011 оны хувьсгал юм.  Тиймээс 1911 оны хувьсгал Монголын тусгаар тогтнолын үндэс.

 

–Тэгвэл  өнөөгийн монголчууд тусгаар тотнолын үнэ цэнийг ойлгож байна уу. Язгуурын монголчуудын хичээж, зүтгэж ирсэн тэр их  үйл явцыг ухаарч байна уу?

 

-Энэ асуудалд анхаарах хэрэгтэй байна. Миний хувьд монголчууд тусгаар тогтнолын тухай Ямар ч ойлголтгүй байгаа нь харамсалтай. Хамгийн энгийн жишээ гэвэл, 1911 оны хувьсгалыг удирдаж, санаачилж, зохион байгуулж, амь насаа алдаж, бидэнд тэр газар шороог үлдээхийн төлөө зүтгэсэн хүмүүсийн дурсгалыг өнөөдөр хэн хүндэтгэж байна вэ. Ганц хааных нь ордон ямар байдалтай байна. Да лам Цэрэнчимэд зэрэг монголчуудын язгуур эрх  ашгийн  төлөө тэмцэж ирсэн хүмүүсийн хөшөөг өнөөдөр босгочихоод, шүтээд зогч байгаа хэн байна. Өөрөөр хэлбэл, монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолдоо  яаж хандаж байгааг харж болно. Арванхоёрдугаар сарын 29-нд зүгээр л шинэ жил тэмдэглэх гэж юм уу, эсвэл нийтийн амралтын өдрөөр сүржигнэж өнгөрөх асуудал биш, тусгаар тогтнолынхоо тэр эхлүүлсэн хүмүүсийн үйл хэргийн үнэ цэнийг л ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүсийн сэтгэлгээний өвийг жаахан ч гэсэн ухаарч чадвал Монгол өнөөдөр тусгаар тогтнолын талаар төсөөлөлтэй болно. Тусгаар тогтнол бидэнд байна, бид угаасаа л тусгаар юм чинь, язгуураасаа л ийм байсан, эсвэл энэ санамсаргүй олдсон юм гэх мэтээр хандаж ойлговол  энэ эндүүрэл.


-Монголын тусгаар тогтнолын, ХХ зуунд түүнийг хийсэн, зүтгэсэн бүх хүн Монголыг үлдээхийн төлөө байсан. Гарсан алдаа оноо аль аль нь Монголын тусгаар тогтнолын үндсийг бий болгосон гэж ойлгож болно биз?

 

-Ерөөс тэндээс   энэ хүртэл  аваад ирсэн тусгаар тогтнол бол тэр 1911 оны өвлийн ид хүйтэн тачигнасан өдрүүдэд Дундад иргэн улс буюу одоогийн Хятад, Манжаас өөрсдөө салахаас өмнөхөн салан тусгаарлаж, дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэж, өөрийн улс орноо өөд татах гэж, байгалийн баялгийг цөлмөж байсан гадаадын концесуудыг цуцлуулах гэж, хүн ардаа эрүүл байлгах гэж, өрнө, дорнын соёлыг эзэмшүүлэх гэж зүтгэхдээ олон газрын монголчууд тусгаар тогтнол гэдэг нэг л зүйл дээр хөдөлбөргүй зогсч байсан. Тэр үед олон газрын монголчууд нэгдэж чадаж байсан бол өнөөдөр ганцхан үлдсэн Монгол нэгдэж чадахгүй байна.  Тэгэхээр монголчууд ямар их жижгэрсэн, юмыг хэрхэн хардаг болсон, тусгаар тогтнолыг яаж үнэлдэг болсон нь харагдана. Өөрөөр хэлбэл, 1915 онд тасалдсан Хиагтын гэрээнээс хойш Сюй Шү Жан орж ирэх үе юм уу, тэр 5-6 жилийн эмгэнэлтэй харанхуй үеийн хүнд зураг бол өнөөгийн Монголын дүр зураг.

 

Энэ сургамж гэж та хэлж байна уу?

 

-Тиймээ сургамж. Тэр үеийн хувьсгалыг санаачлагчид эхний хоёр жилдээ нас нөгчсөн байдаг юм шүү дээ. Таван яамны гурван тэргүүн сайд нь, дөрвөн ханы хоёр хан нь, дэд ерөнхий сайд нь 27-42 насандаа санамсаргүй үхчихээгүй. Тэд юуны төлөө амиа өгсөн юм бэ гэдгийг тусгаар тогтнолын өдөр ухаарах хэрэгтэй, бас бодох хэрэгтэй.Тусгаар тогтнол гэдэг дуртай болгон цээжээ дэлдэж хэлдэг үг биш. Хүн бүхэн ухаарч ойлгодог тийм л үнэ цэнэтэй зүйл. Гэтэл өнөөдөр монголчуудад  нэгдсэн үнэт зүйл алга. Үнэт зүйл байхгүй учраас хүн болгон дураараа ярьж байна. Хүн бүр өөрийгөө бодож байна. Хүн болгон хэмжээ хязгааргүй шунаж байна. Үнэт зүйл байхгүй хүнд хэмжээ хяягаар гэж байдаггүй. Тиймээс үүнийг бодох ёстой.

 

-Та нэг ярилцлагадаа Монголын өнөөгийн төрийг  Бага хаадын үетэй адилхан гэж хэлсэн байсан? 

 

-Монголын өнөөгийн төр ямар  байгааг хүн бүр  өөрийнхөөрөө дүгнэнэ. ХХ зууны эхэн үед Монголд ирсэн олон жуулчдын тэмдэглэлээс үзвэл хог дээр, хүүрийн газарт  амьдарч байгаа монголчуудтай бараг л таараагүй байдаг. Одоо Улаанбаатарт ирсэн хүн тийм хүмүүс үзье гэвэл хэдэн арваар нь харж болно. Хогийн цэг дээр бүхэл бүтэн нийгэм бүрэлдээд байна шүү дээ. Монголын 2000 жилийн түүхэнд ийм зүйл байгаагүй. Үнэндээ дэлхийг захирч явсан Чингис хааны удам өнөөдөр хог ухаж, хоног төөрүүлж байгаа нь гутамшиг биз дээ. Улс төрийн хүрээнд ч үргэлж хэмлэлдэж байна. Яг одоогийн хоорондоо хэмлэлдэж байгаа үе бол XV зууны бага хаадын болон XVIII зууны эхэн үеийн Ойрадын дотоод асуудалтай адилхан байна гэж хардаг. Тэр үед мөн ч олон Исмэл тайшууд төрж, Монголын төрийг мөхөлд хурдлуулсан. Монголын өнөөгийн төр Бага хаадын үетэй адилхан. Үнэндээ ийм л болчихоод байгаа шүү дээ. Үнэт зүйл, үнэлэмж гэж байхгүй. Хүн болгон зах хязгааргүй их мэдэгчид, дураараа авирлагчид болчихсон. Дээрээ тийм байгаа учраас  дороо ч мөн адил ийм л зүйлүүд гарч байгаа. Тусгал нь тэр.

 

Үүнийг яаж засах вэ, ямар гарц байна?

 

-Буцаад 1911 оны тухай яръя л даа. Тэр үед өвөрмонголчууд харьцангуй хятад соёлд орчихсон  байсан, буриадууд Оросын соёлд орчихсон байсан. Гэхдээ тэд ганц л зүйл дээр төвлөрч байсан. Тэр нь тусгаар тогтнолыг Монгол Улсад байгуулахад бүгдээрээ хүчин зүтгэнэ гэж. Тэр хүмүүс өөрсдийн үр хүүхдийг орхиж байна, аав, ээжийгээ Хятадын гарт орхиж байна,  бүх юмаараа дэнчин тавиад Монголд ирсэн. Өвөрмонголын 54 хошууны 44 нь Монголд дагаар орох өргөдлөө өгч байсан түүхтэй. Тэд юун дээр тулгуурлаж байгаа юм бэ, Монгол тусгаар байх ёстой, Чингисийн Монгол байх ёстой гэж үзэж байсан. Тиймээс улсаа Их Монгол улс гэж нэрлэж, тамгыг сийлж, улсаа мандуулж байсан. Өнөөдөр энэ бүхнээ ухаарахгүй, сэрэхгүйгээр бид хол явахгүй. Зарим хүн өнөөдөр жаргаж байгаагаа жаргал гэж бодож байж магадгүй. Нэг үеийн жаргал, түмэн үеийн зовлон болдог. Тэр бүхэн түүхэнд үлдэнэ. Жишээ нь, Дорж гэж хүн нэг асуудалд орсон байхад түүний гуч, гучинцар алдартай болсон ч тэр өвөөгийн түүхэнд үлдсэн ганц нэрээр дуусна. Энэ учрыг ойлгох ёстой. Өнөөдөр би л болж байвал боллоо гэдэг сэтгэхүйгээсээ монголчууд салах хэрэгтэй. Тэгсэн цагт Монгол Монголоороо байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
Hairtai zaluu min
2017-12-28