ХХААХҮ-ийн сайд орон нутагт сэрэмжлүүлэг хүргүүллээ
2017-12-29

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон  анхааруулж байна.

 

12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх урьдчилсан мэдээгээр: 29-нд Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх бөгөөд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

 

Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байхыг мэдээллээ.

 

Цаг агаар эрс хүйтрэхтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймгуудын ХХААГ-ын дарга нарт сэрэмжлүүлэг хүргүүлэн, онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө. Нэн тэргүүнд цаг агаарын мэдээ, мэдээллийг сум, баг, малчдад шуурхай хүргэж, цаг агаарын тогтворгүй үед мал сүргээ бэлчээхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар дээрээ баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулан,  ХХААХҮ-ийн яамны  хариуцлагатай жижүүр болон “Шуурхай штаб”-д цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай өгч байх чиглэл өглөө.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://mofa.gov.mn

Shuud.mn
Сонин хачин