Л.Даваасүрэн, Ё.Ринзаан нар “Монгол Улсын Гавъяат хуульч” боллоо
2017-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Лувсаншаравын Даваасүрэн, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч асан Ёндонгийн Ринзаан нарыг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр тус тус шагнажээ. Шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын Дээд шүүхэд болов.  

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголд 106 жилийн өмнө болсон түүхэн үйл явдал бол Их Монгол Улсаа байгуулснаас хойш болсон хамгийн гайхамшигтай түүхэн үйл явдал байсан гэж хэлж болно. Монголчууд бид энэ эрх чөлөө, тусгаар тогтнолоо 106 жил эрхэмлэн хамгаалж яваа. Үүнд орчин цагийн шүүхийн үүрэг ч багагүй байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Хүн төрөлхтний хөгжлийн түүхээс харахад шударга ёсыг тогтоох үйл хэрэг нь тухайн цаг үеийн хүмүүний оршихуйн ёс заншил, үнэт зүйлс, уламжлал, итгэл бишрэлийн тогтолцоог өөртөө агуулан хөгжсөөр иржээ. Шүүн таслах ажиллагаа, түүнд холбогдох түүхэн эх сурвалжууд, энэ талаарх баримт сэлт нь хосгүй нандин дурсгал болон үлддэг билээ. Энэ өвийг хойч үедээ өвлүүлж, үлдээх  хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг Монголын шүүхийн үе үеийн шүүгчид амжилттай гүйцэлдүүлж, хөгжлийнхөө бүх цаг үед нэр төртэй биелүүлж ирснийг бахархан хэлэх нь зүйтэй. Монголын шүүх нь шүүн таслах ажлыг эрхлэх зохион байгуулалтын бүтцээс хальж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн загвар тийш тэмүүлж, шүүх эрх мэдэл болтлоо хөгжиж, Үндсэн хуулиар баталгаажсан байна. Энэ бол зөвхөн шүүх, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэж буй этгээдэд мэдрэгдэх дэвшил биш харин Монгол төрийн, Монгол Улсын хөгжлийн түвшинг илтгэх томоохон шалгууруудын нэг юм. Монголын шүүх өнөөдрийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болтлоо хөгжихөд энд уригдан ирсэн хоёр шүүгчийн маань зүтгэл санаачлага зохих хувь нэмрээ оруулсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Энд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ дахин энэ ойн мэндийг дэвшүүлье. Шинэ оны мэндийг дэвшүүлье. Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай.” гэв.

 

 

Шинэхэн гавъяат хуульч Л.Даваасүрэн  үе үеийн Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн удирдлага, 37 жилийн турш хамтран ажилласан бүх шүүгч нар, шүүхийн захиргааны  ажилтнуудад баярлаж талархсанаа илэрхийлээд “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, захиргааны ажилтнууд та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнг би амсаж байна. Та бүхэндээ маш их баярлаж байна.” хэмээн онцоллоо. Гавъяат хуульч цол хүртсэн Ё.Ринзаан “Монгол Улс Үндсэн хуультай болсноос хойш хугацаанд миний бие орон нутагт төрийн захиргаа болон өөрөө удирдах ёсны байгууллага, шүүхэд нийтдээ 40 шахам жил ажиллажээ.  Энэ хугацаанд надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан нийт шүүгч нар, нэн ялангуяа Булган, Увс, Дархан-Уул, Төв аймагт ажиллаж байсан шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд, туслахууддаа баярласнаа илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.” хэмээв.

 

 

Ийнхүү Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн үеэр шүүхээс төрсөн “Монгол Улсын Гавъяат хуульч” цолтон хоёроор нэмэгдсэнээр нийт 31 гавъяаттай боллоо.

 

Shuud.mn
Сонин хачин