Маргаан дагуулсан Монгол банкны хууль
2018-01-03

Хууль төрөхийн өмнө 

 

УИХ-аар банкны салбарын эрхзүйн орчныг сайжруулах, шинэчлэх чиглэлээр гурван хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Төв банкны тухай, Банкны тухай, Хөрөнгө оруулалтын банкны гэсэн гурван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх шаардлагатай гэж зарим хууль тогтоогчид үздэг. Гэхдээ ажлын хэсгүүд дээр энэ санал дэмжигдээгүй юм билээ. Тиймээс тус тусад нь хэлэлцэж байгаа ч хуулиудын заалт хоорондоо зөрчилдөх вий гэсэн болгоомжлол хууль тогтоогчдод байна лээ. Дээр нь хуулиудын ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүдийн санал ч зөрөлдөж байна лээ.

 

Монголбанкны зүгээс энэ сарын эхэнд Төв банкны тухай хуулийг баталж өгөх хүсэлтийг УИХ-д тавиад  байгаа. Учир нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах баг энэ сарын 25-нд  ирэх аж.  Олон улсын байгууллагаас улирал тутам шинжээчид ирж хөтөлбөрийн  хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд энэ удаад банк, санхүүгийн байгууллагын эрхзүйн орчны асуудалд чиглэгджээ. Тиймээс төвбанкны удирдлагууд хуулийн төсөлдөө ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд чиглэл, зөвлөмж авснаа ч тодотгож  байсан.

 

Аливаа улсын төв банкны бие даасан, хараат бус байдлыг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, индекс аргачлал байдаг байна. Манай дотоодын эрдэмтэн судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь “хангалтгүй” дүн авчээ.  Энэхүү хангалтгүй байдал инфляцийн өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагддаг.  Тиймээс Төв банкны бие даасан, тогтвортой байдал нь үнийн түвшний тогтвортой байдалтай удаан хугацаанд шууд хамааралтай байдаг талаар тогтоосон судалгааны ололтод тулгуурлан Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлснээр эдийн засагт үүсч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэнэ гэж хууль боловсруулагчид үзжээ.

 

Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг 1996 онд УИХ-аас  баталсан Төв банкны тухай хуулиар зохицуулдаг.  Энэ хууль нь мөнгөний бодлогын зорилтыг “Төв банк өөрөө тодорхойлох” талаар олон улс, гадаад орнуудын сайн зохицуулалт, шилдэг туршлагаас зөрүүтэй аж. Учир нь мөнгөний бодлогыг УИХ-аас жил бүр тодорхойлон баталдаг. Мөнгөний бодлого, банкны хяналт, улсын гадаад валютын нөөцийг удирдахтай холбоотой шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч буюу хувь хүн-албан тушаалтан дангаар шийддэг, Засгийн газарт санхүүжилт олгох асуудлыг нарийвчлан зохицуулж, хязгаарлаагүй, Монголбанкны удирдлагын эрх зүйн баталгаа нь түүний хүлээх хариуцлага, бүрэн эрхээс асар их зөрүүтэй байна гэж үзжээ.

 

Тиймээс Төв банкны үндсэн зорилт нь "үнийн тогтвортой байдал" байна гэж хуулийн төсөлд тусгасан. Үүнд зарим гишүүд эсрэг байр суурьтай байгаа юм. Учир нь “Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл үнийн тогтвортой байдлыг хангана гэхээр өдрөөс өдөрт суларснаар байгаа төгрөгийн ханшид хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн шүүмжлэл гарч байна. Харин төв банкны мэргэжилтнүүд “үнийн тогтвортой байдлыг хадгалах нь олон улсын нийтлэг зорилт,  үнэ тогтвортой байснаар эдийн засаг ч тогтвортой, өсөлттэй байна” гэж тайлбар хийж байна лээ. Харин мөнгөний бодлогыг боловсруулах, УИХ зөвхөн хуульд заасан “мөнгөний бодлогын зорилт”-ыг баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг байхаар төсөлд тусгажээ.

 

Уг хуулийн төсөлд маргаан дагуулж байгаа  нэг асуудал нь Төв банкны удирдлагуудад тавих хяналт.  “Монголбанкны албан тушаалтан, өмнө нь хашиж байсан этгээдийг хуульд зааснаас бусад тохиолдолд  албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэн холбогдуулан хариуцлага тооцохыг хориглоно” гэсэн заалт дагалдах хуульд тусгасан заалт гишүүдийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргээд авна лээ. Тэд “Хуулиас давсан эрхтэй газар болох нь” гэж үзэн уг заалтыг хууль санаачлагчид буцаах дүгнэлт байнгын хороо гаргаад байгаа.

 

Энэчлэн Төв банкны тухай хуулийн хэлэлцүүлэг гишүүдийн дунд маргаан дагуулж, зарчмын зарим асуудал үл ойлголцолд хүргээд байгаа юм. Энэ хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Харин энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна лээ.

 

Ямартай ч олон улсын байгууллагын зүгээс өгсөн чиглэлийг харгалзан, эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцсон ч Төвбанкны хуулийг парламент хэлэлцэх батлах нь тодорхой. Ер нь намрын чуулган завсарлах дөхсөн энэ өдрүүдэд парламентаас ар араасаа  олон хууль төрөн гарах биз ээ.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
hg:
undur huutei zeeliig ni yah tuhai ug useg bhgui bn naana chini
2018-01-03