Төв банкны Ерөнхийлөгч хариуцлага хүлээнэ
2018-01-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Эдийн засгийн өсөлт айл гэрт шууд хүрэхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн. Энэ нь валютын ханштай холбоотой. Гишүүд Монголбанкнаас  мэдээлэл өгөх гэхээр өгдөггүй. УИХ-тай хэр холбогдох вэ?

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир:

 

-Мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталдаг асуудал  хэвээрээ байгаа. Дээрээс нь санхүүгийн зах зээлийн байдлыг тайлагнадаг нь хэвээрээ. УИХ Монголбанкийг хянадаг нь мөн хэвээрээ байгаа.  Хариуцлагын хувьд өмнө нь байсан хамгаалалтыг авсан. Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч адилхан хариуцлага эдэлнэ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Одоогийн удирдлага ажил хүлээж аваад жил гарантай болж байна. Шинэ удирдлага гайгүй ажиллаж, зарим ахиц гаргасанд талархах ёстой. Валютын нөөц 3 тэрбум ам.доллар, алт 20 тонн, олон жил алдагдалтай ажилласан Монголбанк том үр дүнтэй ажилласан. Та бүхэн энэ эрч хүчээ алдалгүй ажиллавал эдийн засагт гайгүй нөлөө үзүүлэх байх. Монголбанк аж ахуйн нэгжүүдэд 6 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Монголбанк сонгууль дөхөөд ирэхээд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг тал анзаарагддаг. Үүнийг таслан зогсоох заалт орсон уу?

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир:

 

-Монголбанкин дээр өмнө нь олгогдож байсан төслөөр аж ахуй нэгжид зээл олгодог байсныг хаасан. Одоо Засгийн газарт, арилжааны банкинд л зээл олгоно. Хориглосон заалтыг зүйл ангиар нь заасан.

 

УИХ-ын гишүүн Н.Батнасан:

 

-Монгол банкны Ерөнхийлөгчийн хариуцлага хүлээх заалтыг яагаад хассан бэ?

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир:

-Хариуцлага хүлээлгэхийг хориглосон байсан юм, өмнө нь. Одоо хариуцлага хүлээлгэхээр болсон.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Банкны хуулиудыг хэлэлцэхэд Хөрөнгө оруулалтын банкны хуулийг хамтатган хэлэлцэх байсан гэж бодож байна. Төв банкны гол үүрэг бол арилжааны банкууд дээр асуудал үүсэхээс өмнө зохицуулж байх ёстой. Энэ нь хамгийн чухал үүрэг. Төв банкны удирдлагуудын эрх ямба нэмэгдсэн үү?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Өнгөрсөн жилүүдэд арилжааны банкуудыг дампууруулахгүйн тулд 600 гаруй тэрбум төгрөгийг гаргасан байдаг юм. Алдагдлыг зөвхөн татвар төлөгчдөд үүрүүлэхгүйн үүднээс шинэ механизм гарч ирж байгаа. Энэ нь Тогтворжуулалтын сан юм. Энэ хууль батлагдсанаар банкны салбарт шинэчлэл гарна. 

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир:

 

-Төв банкнаас арилжааны банкнуудыг хянах хяналт энэ хуулиар нэмэгдсэн. Харин Төв банкны удирдлагуудад хариуцлага хүлээлгэхээр болж байгаа. Дураараа дургих, дураараа хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй болгосон. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин