Л.Бадамцэцэг: Гэр бүлийн маргаанаас болж хүүхэд маш их зовлон туулдаг
2018-01-04

 

Манай улсад жилд 26 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг бол  4 000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг юм байна. Гэр бүл салалтын хохирогч нь хүүхэд. Өнөөдөр  “Шидэт толь” гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө өгөх төв нээгдсэн. Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй гэр бүл салалтын талаар ярилцлаа.

 

-Манай улсад жилд хэдэн гэр бүл шинээр бүртгүүлж, хэдэн гэр бүл салж байна вэ. Гэр бүл салалтаас хүүхэд хохирдог. Энэ тохиолдолд танай байгууллага хэрхэн ажилладаг вэ?

 

-Одоогоор  манай улсад жилд 26 мянган гэр бүл шинээр бүртгүүлж, 4 000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн статистик бий. Гэрлэлтээ цуцлуулж буй гэр бүл ихэвчлэн 1-3 хүүхэдтэй, залуу гэр бүл байдаг. Гэр бүл салахад хүүхэд хохирдог. Энэ тохиолдолд хүүхдийг хэн асрах нь  чухал. Эцэг, эх хүүхдэдээ,  хүүхэд эцэг, эхдээ хайртай байдаг ч хүүхэд хэнтэй нь байвал зохимжтойг тогтоохоор мэргэжлийн баг ажилладаг.

 

-Хүүхэд ээж, аавынхаа хэнтэй нь байхыг хэрхэн шийддэг юм бэ?

 

- Шүүхэд гэрлэлт цуцлах өргөдөл өгснөөр түүнд мэргэжлийн байгууллагын хувьд шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлт ирдэг. Байрны хангамжийн дутагдлаас үүдэн мэргэжилтнүүд маань олуулаа нэг дор суудаг ч эцэг, эхтэй хоёулантай нь, ганцаарчилж уулздаг. Хүүхдийг ширээний ард суулгаад ярилцах нь үр дүнтэй биш. Тиймээс мэргэжилтнүүдэд ийм төрлийн уулзалтад зориулсан ганцаарчлан уулзах өрөө зайлшгүй хэрэгтэй байдаг. Ялангуяа долоогоос дээш насны хүүхдээс өөрийнх нь үзэл бодлыг асуудаг.  Тиймээс бага насны хүүхэдтэй тайван, сонирхлыг нь татсан орчинд тоглоом тоглож байхад нь мэргэжилтэн ажиглалт хийж болно. Тоглохдоо ээж, аавынхаа хэнийг илүү товойлгож байна, хэнд нь илүү ээнэгшилтэй байна зэргийг харж болно.

 

-Мэргэжилтнүүдэд зориулсан төв өнөөдөр нээгдлээ. Энд ямар хүмүүс үйлчлүүлэх боломжтой вэ?

 

-“Шидэт толь” гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө өгөх “Шидэт толь” төв нь тоглоом заслын, ажиглалтын, ганцаарчлан ярилцах гэсэн гурван өрөөнөөс бүрдэж байгаа.  Мэргэжлийн төвшинд сэтгэл заслын үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлж байгаа нь “Шидэт толь”-ийн онцлог. Тоглоом заслын өрөөнд тоглож байгаа хүүхдийг сэтгэл зүйч тусгаарлагч толины цаанаас ажиглана. Мөн ганцаарчлан ярилцах юм. Энэ төвд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон хэлтэст ирсэн үйл явдал бүрд үнэлгээ гаргахаар дүүргүүдийн сэтгэл зүйчид ээлжээр ажиллана. Энэ төв 24 цаг нээлттэй байна. Цаашид хуваарь гарган зөвхөн төрийн хэвшлийн гэлгүй хувиараа гэр бүлд зөвлөгөө өгөх сэтгэл зүйчдийг ажиллуулна.

 

-Гэр бүл маргаантай байх үед хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт үүсэх вэ?

 

-Гэр бүл цуцалж байгаа үед гэр бүлийн харилцаа янз бүр байдаг. Хоорондоо маргалдаж байх үед хүүхэд маш их айдаг. Гэр бүл цуцлах үед эцэг, эх хүүхдэдээ хайртай мэт байдаг. Зарим нь дүр эсгэлт байх нь бий. Тиймээс шинжээчийн хувьд хэндээ илүү ээнэгшилтэй байгааг заавал илрүүлдэг.

 

-Гэр бүлийн маргаан нь хүүхдийн зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

 

- Гэр бүлийн бүтэн хайр хагас болоход хүүхдийн зан төлөвт маш их өөрчлөлт илэрдэг. Мөн хайр хуваагдахад, халамж, эдийн засаг бүгд хуваагддаг. Энэ бүхнийг дагаад хүүхэд маш их эрсдэлд орж, айдаг, ичдэг, дуугаа хураадаг, орондоо шээдэг маш их зовлон туулдаг.  Ээж, аавынхаа дунд, ирж очиж буй том хүүхэд гаднын эрсдэлд өртөх магадлалтай. Тиймээс энэ төвөөр үйлчлүүлж буй иргэн тоглож буй хүүхдээ хараад, мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөөг дагаад гэрлэлт цуцлуулалгүй эвлэрэх магадлалтай. Тийм үр дүнг бид хүлээж байна. 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Салалт гэдэг чинь үр хүүхдэд хамгийн их хамаатай. Салсан эцэг эхийн аль алинд нь дахиад хань ижил зөндөөн олдоно, харин хүүхдэд өөрийн төрсөн эцэг эх хэзээ ч олдохгүй хойдохын арга эвийг олох гээд эндээс үйдэлтэй олон бэрхшээл тулгардаг. Иймд хувийн хүсэл тачаал, өнгө мөнгөнд хөтлөгдөн үр хүүхэд өнчрүүлж хойч үедээ хэзээч балрахгүй хар мөр үлдээж, гэмгүй явсан хань ижлийнхээ хүн болж төрсөн хувь тавилангаар тоглож байгаа этгээдүүдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж байх нь зүйтэй шүү.
2018-01-04
Зочин:
Яасан муухай юм бэ хүүхэд зовоод байна гээд байхад. Өөрөө хүүхэдгүй байх аа
2018-01-04
Зочин:
Сална биз хэнд хамаатай юм.
2018-01-04
Зочин:
Яасан муухай юм бэ хүүхэд зовоод байна гээд байхад. Өөрөө хүүхэдгүй байх аа