Кенийн хөлбөмбөгийн холбоо ивээн тэтгэгчгүй боллоо
2018-01-04

 

Кени улсын спортын бооцоот тааврын үйл ажиллагаа явуулдаг компаниас тус улсын хөлбөмбөгийн лигт оруулдаг байсан 600 сая шиллинг буюу 5.80 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа зогсоолоо. Шалтгаан нь Кени Улсын эрх баригчид уг фирм болон адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын татварыг 4 дахин нэмэгдүүлсэнтэй холбоотой аж. Энэ талаар Ройтерс агентлаг анхлан мэдээлж байна.

 

Өнгөрсөн жил Кени улс спорт бооцоо болон казино зэрэг мөрийтэй тоглоомын газруудын татвар 7.5 хувь байсан нь энэ жилээс 35 хувь болж нэмэгдээд байгаа аж. Үүнийхээ зорилгыг спорт, соёл урлагийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаас хуримтлал сан үүсгэх гэж тайлбарлажээ. Харамсалтай нь эсрэгээрээ эргэв.

 

Спортпэса хэмээх бооцоот тааврын томоохон компаний гүйцэтгэх захирал Роналд Караури “Бидэнд өөрсдөө дампуурахгүйн тулд үүнээс өөр хийх алхам байсангүй. Бид маркетингд зарж буй зардлаа хязгаарлах л хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид улсынхаа спортын салбарт нийгмийн өмнө хүлээсэн үүргээ маш сайн биелүүлж байсан. Харамсалтай нь засгийн газрын энэ шийдвэр бидэнд маш хүндээр туслаа” хэмээн ивээн тэтгэлэгээ зогсоож буй талаараа тайлбарлав.

 

Спортпэса компани нь Кенийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, тус улсын Пример лиг, болон Гор Махаиа тэргүүтэй тус лигийн хэд хэдэн багийг мөн санхүүгийн хувьд авч явж байсан байна. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Регбин Холбоо болон Боксын Холбоог ч мөн санхүүжүүлдэг байжээ.

 

Гор Махаиа клубын эзэн Амброзе Рэйчир “Үнэхээр хүндхэн туслаа. Бидэнд үнэхээр харамсалтай байна” хэмээсэн юм. Түүний хэлснээр дээр дурьдсан компани жилд 60 сая шиллингийг тус клубт хандивладаг байсан байна. Харин энэ жилээс уг санхүүжилт байхгүй болсноор энэ жилийн Холбоодын Аваргуудын Лигийн Цомын тэмцээнийг ч өнжиж болзошгүй болчихоод байгаа аж. Энэ үйл явдал нь Регбин холбоонд ч хүндээр тусч байгаа юм. Олон улсын тэмцээнд бэлдэж байсан тус холбоонд Спортпэса компани 120 сая шиллингийг хандивладаг байжээ.

 

Б.Энх-Амгалан 

Shuud.mn
Сонин хачин