”Томчууд”-ыг тойроогүй УГААР
2018-01-08

Эдийн засгийн өсөлт иргэдийг тойрсон, Улаанбаатарын утаа томчуудыг тойрсонгүй. Тиймээс УИХ-ын чуулганы бүтэн өдрийн турш утааг хэлэлцэж, тогтоол баталлаа. Уг нь эртнээс утаагүй зуух, “Цэвэр агаар сан”, “Нүүрс” гээд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, өч төчнөөн тэрбум төгрөгийг  зарцуулсан.  Гэвч төрөөс хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгөөгүй нь өнөөдөр агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Агаарын бохирдол буураагүй шалтгааныг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг хүлээлгүй дараагийн  хөтөлбөрт шилжиж байсан,   шахааны бизнес нэвтрүүлсэн зэргээр тайлбарлаж байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч  утаанд төсөвлөсөн 147 тэрбум төгрөг, 100 гаруй сая ам.доллар бизнесийн бүлэглэлийнхэнд орсон гэдгийг онцолсон. 

 

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв шийдэл нь гэр хорооллын дахин төлөвлөлт, оронсууцжуулалт гэдэгт хэн хүнгүй толгой дохин зөвшөөрдөг. Өнгөрсөн хугацаанд Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд  нийт 1472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд,  491 айл өрхийн  иргэдийг түрээсийн орон сууцаар ханган,  24 айл өрхийн газрыг худалдан авсан байна. Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн нийт 1512 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулжээ. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр энэ онд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Энэчлэн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч агаарын бохирдол буураагүй нь нийслэлд хотод ирэх шилжилт хөдөлгөөн  үргэлжилсээр байгаатай холбоотой.  Ямартай ч  нийслэлээс  орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөний 2020 он хүртэл хязгаарлаад байгаа.  Гэхдээ энэ нь хэр үр дүнтэй эсэх нь мөн л цаг хугацаа харуулах асуудал.  Нийслэлд орон нутгаас ирэгсэд шилжилт хөдөлгөөнөө өөрчлөхгүйгээр түр оршин суугчдаар амьдраад байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрээр гэр хорооллын хүрээ тэлж, агаарын бохирдол буурахгүй.  

 

 Ер нь бол эдийн засаг сэргэснээр иргэдийн амьжиргаа сайжирч, энэ хэрээр агаарын болон орчны бохирдол ч буурна гэх хандлага байдаг юм билээ. Уг нь “өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа” эрх баригчид тодорхойлоод байгаа. Гэвч 3.8 хувийн өсөлттэй эдийн засаг иргэдийн амьжиргаанд даанч хүртээл байсангүй.

 

Тиймээс эдийн засгийн өсөлтөө иргэдийн амьжиргаанд хэрхэн  хүргэх талаар төр, засгаас бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж УИХ-ын дарга сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцолж байсан. Эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн ч бонд, зээлийн хүүгийн эргэн төлөлт ирэх жилүүдэд үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт Чингис бондын зээлээс  500 сая ам.долларын шууд шилжүүлсэн. Нөгөөтэйгүүр эрх баригчид өнгөрсөн хугацаанд  бонд босгож,  өрийг өрөөр дарж байна гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа.

 

Ийнхүү эдийн засгийн өсөлт эрх баригчдад мэдрэгдэж, иргэдийг тойрсон бол агаарын бохирдол томчуудыг тойролгүй, иргэдтэй хамт угаараар амьсгалж байгаа нь эрүүл мэндээ хамгаалах аянд “агаар нэгэн” нэгдлээ.  

 

Ирэх өдрүүдэд агаарын бохирдлыг бууруулах УИХ-ын тогтоол Ерөнхийлөгчийн хэлснээр бизнес бүлэглэлийнхэнд чиглэх үү, олон нийтэд хүргэх үү гэдгийг гүйцэтгэх засаглалаас шалтгаална.

 

Ер нь утаа ч байгаль цаг уураас хамаарч цагаан сарын дараагаас  багасана, харин иргэдийн амьжиргаа сайжрах эсэх нь эрх баригчдын мэдэл байна. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Utaagaa yanzlahgui bol 20 ond ene tor baihgui ,,,!!!
2018-01-08
зочин:
юун утаа манатай уих шатар тоглоод завгүй байна, одоохондоо 60 тэрбумтанг шагнах мөнгө байгаа юм шиг байна,,,,,,,,,,,,,,,,,,
2018-01-08
сонгууль:
сонгууль нам 2 той холбоотой л нэмэгдсэн байх
2018-01-08