Аваргаа хамгаалагч Петерансель Дакарыг тэргүүлж байна
2018-01-09

Дакар Ралли тэмцээн 3 дахь өдрөөрөө амжилттай үргэлжиллээ. Аваргаа хамгаалж буй Франц нисгэгч Стефан Петерансель уг өдөр нийлбэр дүнгээр тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Офф-рөүд буюу бартаат замд тэрбээр 14 дэх ялалтаа байгуулахаар ийнхүү уралдаанд хүч түрэн орж ирсэн юм.

 

 

Петерансель Пискогоос Сан Хуан де Маркона хүртэлх 296 км замыг 3 цаг13 минут 13 секундэд өөрийн Пежо машинтайгаа туулсан байна. Түүний араас Тоёота багийн нисгэгч Нассэр Эль-Аттияа 4:05 секундээр хоцорч орлоо. Харин гуравдугаар байранд Испаний Сайнц барианы зурвасыг давлаа.

 

Өмнөх өдрийн ялагч Депре уг өдөр дөрөвт хурдалсан юм. Тэрбээр Петеранселаас 3:11 секундын амжилтаар хоцорч нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд бичигдэж байна. Харин Эль-Аттияа гуравдугаар байранд явна. Түүнийг 8 минутын хугацаа тэргүүлэгчээс зааглаж байгаа.

 

 

Петерансель “Маш хүндхэн байлаа. Учир нь дахиад л маш их элсэн манхан давах хэрэг гарсан. Харин замаа олох бага зэрэг хялбар байлаа. Учир нь өнөө өглөө мотоциклчид түрүүлж гараанд гарсан. Тэд хэдийнэ зөв зам гаргачихсан байсан болохоор ихэвчлэн тэдний мөрийг дагаж явж байсан. Бид яг бүрэн хүчээрээ дайраагүй. Гэхдээ тохирсон хурдтай замаа дуусгаж чадлаа” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

Дакарын хоёр удаагийн аварга Нани Рома тэмцээний явцад шархадсан анхны тамирчин боллоо. Тэрбээр барианд орохоос ганцхан км-ын өмнө машинтайгаа осолдож хүзүү толгойдоо гэмтэл авсан байна. Испани эрийг тэр доор нь эмнэлэгт хүргэснээр тэмцээнээ ингээд өндөрлүүлэх магадлалтай болж байна. Түүний туслах Алекс Харо ч бас эмнэлгийн үзлэгээр нарийвчилсан шинжилгээнд орох ёстой аж.

 

Мотоцикл ангилалд КТМ багийн аваргаа хамгаалагч Сэм Сандэрланд нийлбэр дүнгээр тэмцээнийг тэргүүлж байна. Тэрбээр 3 өдрийн дараах байдлаар хоёрт ч гараанд нь түрүүлээд байгаа юм. Харин Хондагийн Кевин Бенавидес 4:48 минут дутаж хоёрдугаар байранд бичигдэж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин