Дахин шинэчлэгдэх “Мөрөөдлийн жагсаалт”
2018-01-09

 

Бүрэн эрхийнхээ хугацааны талдаа орсон эрх баригчид эдийн засгийг хөгжүүлэхээр дахин  хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газраас “гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, 900 хоног”-т хийж хэрэгжүүлэх юм байна. Гурван тулгуурт эдийн засагт  хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ажилгүйдэлтэй холбоотой асуудалд голлон анхаарах гэнэ. Мэдээж, уул уурхайн салбар эрх баригчдын анхаарлын төвд байна гэдгийг тодотгосон. Ингээд үлдэж байгаа бүрэн эрхийн  хугацаанд ямар тодорхой томоохон төслүүдэд анхаарал хандуулж ажиллах вэ гэдгийг намрын чуулганд тодорхой санал гаргаж, хаврын чуулганаар хэлэлцээд явахаар тохиролцжээ.

 

Ер нь эрх баригчдын энэ  бүрэн эрхийн хугацаа 900 хоногоос ч бага үлдсэн.  Тиймээс энэ намрын чуулганаар ч бус ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэн батлагдах гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлтийн үр дүнг иргэд олон нийт дараагийн сонгуулийн үеэр мэдрэх нь. Эдийн засгаа сэргээхийг эрх баригчдаас хүлээж байгаа эгэл иргэд бидэнд 900 хоног гэдэг маш урт хугацаа.

 

Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн үзүүлэлтэй гарсныг эрх баригчид өдөр бүр тоть мэт давтан хэлж байгаа. Харин энэ үзүүлэлтийг иргэд таатай хүлээж авдаггүй.  Амьжиргаа дээшлээгүй байхад цаасан дээрх тоон үзүүлэлтийг харж баясах  юун таатай байх вэ?  Ер нь олон нийтийн тухайд эдийн засгийн хямрал үргэлжилсэн  хэвээр байгаа.

 

МАН Засгийн эрх авснаас хойш эдийн засгийг сэргээхээр хуруугаа хөдөлгөөгүй гэвэл хилс болно. Ямартай ч ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж, төсвийн зардлыг танах, сахилга батыг хангахаар ажиллаж байна.  Төсвийн урсгал зардлыг танаж, зарим бүтээн байгуулалтыг царцаасан нь магадгүй өнөөдрийн эдийн засгийн өссөн үзүүлэлтэд нөлөөлсөн байх талтай.

 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийн цалинг нэмэх бус татварыг нь нэмэгдүүлсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд 9 төрлийн татвар нэмснийг сөрөг хүчин шүүмжилж байгаа билээ. Энэ сараас  цалингаас татварт нэлээд хэсэг нь суутгагдах нь гашуун үнэн. Гэхдээ олон нийтийн шүүмжлэл дагуулсан энэ асуудлыг эрх баригчид хүчин эргэж харахаар болсон байна лээ. Эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд цалин нэмэгддэгүй юм гэхэд татвараар танаж, хасч болохгүй гэдгийг эрхбиш мэдэж баймаар.

 

 Өнгөрсөн хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийн Засгийг байгуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг хугацааны шахааанд ороод байгаа.  Энэ оноос МАН амлалтаа биелүүлэхээр  малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, албан хаагчдын тэтгэврийн насыг нэмж, “Цалинтай ээж” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд байна.

 

Ер нь эдийн засагт гарсан нааштай эерэг өөрчлөлт У.Хүрэлсүхийн бус Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хаяглагдана. У.Хүрэлсүхийн засаг одоо ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүтэц дээр суурилж, бүрэлдэхүүнээ томилсон.  Нэгэнтээ танхим нь солигдсон ч  нэг намынх тул Засгийн газрын мөрийн хөтөлбөр цааш үргэлжлэх юм.

 

Гэвч эрх баригчид Засгийн газрын үйл ажиллагаанын мөрийн хөтөлбөр гэх мөрөөдлийн жагсаалтыг дахин шинэчилж, хэрэгжилтийг нь 900 хоногоор тоолох нь.  Ер нь АН-ыг эрх барьж байх үед “Эдийн засгаа сэргээх 100 хоног” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг олон нийт мартаагүй. МАН-д төрийн бүрэн эрхийг шилжүүлэхдээ  эдийн засгаа шуурхай сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хариуцлагыг хамтад нь өгсөн. Түүнээс бус албан тушаалын томилгоог үргэлжлүүлж, амаараа “ажиллах”-ыг нь харах гэсэн юм биш.

 

Тиймээс бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байгаа эрх баригчид мөрийн хөтөлбөр дэх “мөрөөдлийн жагсаалт”-аа шинэчлэн баталж,  хэрэгжилтийг уртасгаж байгааг хугацаа хожих  шийдэл гэж хардахаас өөр замгүй.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин