Нийслэлд цэргийн тоо бүртгэл 38.5 хувьтай байна
2018-01-10

 

Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-нөөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

 

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой юм.

 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, Дэд хурандаа Б.Баянмөнх нар өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын цэргийн тоо бүртгэлийн үйл ажиллагаатай биеэр очиж танилцлаа. Цэргийн бүртгэлийн ажил зохион байгуулаад 6 хоног өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд эрчүүдийн 30.8 хувь нь бүртгүүлээд байгаа бол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 35 хувь нь бүртгүүлсэн байна. Харин нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай явагдаж байгаа аж.

 

“Цэргийн албаны тухай хуульд цэргийн насны залуучууд жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлэх, тухайн бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж буюу орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хийж гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2018 оны цэргийн тоо бүртгэлийг энэ сарын 4-20-ны хооронд засаг захиргааны анхан шатны нэгж, хороодуудаар дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 152 хороодоор цэргийн бүртгэлийг явуулж байна” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ярилаа.

 

Цэргийн албыг Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад 12 сар буюу нэг жилйин хугацаатай алба гүйцэтгэх, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах, оюутан цэрэг, гэрээт цэрэг гэсэн 5 төрлөөр цэргийн хааж болдог. Цэргийн тоо бүртгэл явуулснаар энэ таван хэлбэрээс иргэд альнаар нь албаа хаах вэ гэсэн нэгдсэн судалгааг гаргаж ирдэг байна.

 

НЗДТГ-ын Цэргийн штабаас 2018 оны “Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх- Дайчилгааны бэлтгэл нөөцийг сайжруулах жил” болгон зарлаж байгаа аж. Тус ажлын хүрээнд энэ онд анх удаа цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн программ бий болгосон байна. Ингэснээр дүүргийн Цэргийн штаб, Эрүүл мэндийн төвтэйгөө цахим хэлбэрээр холбогдоод ямар хүн ямар өвчтэй гарч байна, түүний эрүүлжүүлэлтийн асуудал дээр хэрхэн ажиллаж байна гэдгийг харж болох аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин