Европын холбоо Монголыг “хар жагсаалт”-аас хасах нь
2018-01-16

Энэ талаар эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Европын холбоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй” гэх 17 улсыг “хар жагсаалт”-даа багтаасан билээ.

 

Тус холбоо түүхэндээ анх удаагаа оффшор бүсүүдийг багтаасан “хар жагсаалт”-ыг гаргасан бөгөөд уг жагсаалтад Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнөд Солонгос, Макао, Маршаллын арал, Монгол Улс, Намиби, Палау, Панам, Сэйнт Лусиа, Самао,  Тринидад ба Тобаго, Тунис, Арабын Нэгдсэн Эмират улс багтсан юм.

 

Эдгээр орнуудыг “хар жагсаалт”-д оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлсэн байна. “Хар жагсаалт”-д орсон орнууд эхний ээлжинд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болоод буй юм.

 

Тэгвэл өчигдөр Европын холбоо найман улсыг “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

 

“Хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж буй орнуудын тоонд Монгол Улс, Өмнөд Солонгос, Панам, Арабын Нэгдсэн Эмират улс, Барбадос, Гренад, Макао, Тунис улс багтаад байна.

 

Европын холбооны мэдэгдэж буйгаар “Дээрх орны удирдлагууд татварын хууль, журмаа шинэчлэх амлалт өгч, хамтран ажиллахаа амласан учир “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж байна” гэв.

 

 

“Хар жагсаалт”-аас дээрх найман орныг хасах асуудлаар маргааш тус холбооны гишүүд зарим орны Элчин сайд нарын хамтарсан уулзалтаар шийдвэрлэх гэнэ. Уг шийдвэрийн дараа  Белгийн нийслэл Брюссель хотноо Европын холбооны Сангийн сайд нарын уулзалт дээр эцэслэж, дээр дурьдагдсан орнуудыг “хар жагсаалт”-аас хасах эсэхийг шийдвэрлэхээр болжээ.

 

Харин “хар жагсаалт”-д үлдсэн есөн улсын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна. Эхний ээлжинд “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж буй дээрх найман улсыг “саарал жагсаалт”-д шилжүүлэх гэнэ. Энэ талаар гэрчүүд мэдээлж байгаа ч албаныхан хараахан батлаагүй байна. “Саарал жагсаалт”-д 47 улсыг багтаасан юм.

 

“Саарал жагсаалт”-д багтсан Люксембург, Мальта, Ирланд, Нидерланд зэрэг улсыг татвараас зайлсхийсэн хэмээн олон нийт буруутгаж, Европын холбоог эдгээр орнуудыг “хар жагсаалт”-д багтаахыг шаардаж, жагссан билээ.

 

Оффшор бүсэд хөрөнгөө нууж, татвараас зугтаасан эрхмүүдийг илчилсэн “Панамын бичиг баримт”-аас үүдэж, олон улсад эсэргүүцлийн жагсаал болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гадаад яам сайн ажилласан байна.
2018-01-16
иргэн:
Бэлтэй хүн санаснаа л хийнэ л дээ. Хөөрхий ядарсан монгол ард түмэн минь.
2018-01-16
Зочин:
Нээрээ юу болж байна аа. БОСЦГООЕ АРД ТҮМЭН МИНЬ. СҮЙРЛЭЭ ШҮҮ ДЭЭ...
2018-01-16
Монгол иргэн:
Ккк... МОНГОЛ УЛС ЕР НЬ ЮУ Л БОЛООД БАЙНА. ХӨДЛӨШГҮЙ ГАДНЫ ХАРААТ БОЛСОН ХЭРЭГ ҮҮ.. ОУВСан, Европын холбоо, Рио Тинто, Айухо Майнз гээд. Монголын ард иргэд бид юу болоод байна. Монголоосоо Урваж МАН-д санал өгсөн хүмүүс НЭГИЙГ БОДОЖ, ХОЁРЫГ ТУНГААХ цаг нэгэнт болсон юм биш үү. Толгой руугаа шаамар ууд...
2018-01-16