Ө.Энхтүвшин: 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн
2018-01-19

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэлийн талаарх асуулгад Засгийн газар хариулж байна. Асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Тэрбээр:

 

-2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу үнэлгээ хийхэд Архангай аймгийн 14, Баян-Өлгий аймгийн 1, Баянхонгор аймгийн 4, Булган аймгийн 11, Дорнод аймгийн 1, Дорноговь аймгийн 1, Дундговь аймгийн 2, Завхан аймгийн 16, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 3, Сүхбаатар аймгийн 6, Сэлэнгэ аймгийн 4, Төв аймгийн 19, Увс аймгийн 8, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 2, Хэнтий аймгийн 6 сум буюу нийт 14 аймгийн 110 сум өвөлжилт хүндэрсэн .

 

Монгол Улсын Засгийн газраас цас ихтэй, бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутаг, аймгуудад өвөлжилтийг хохирол багатай даван туулахад онцгойлон анхаарч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэн ажилласан.

 

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд улсын нөөцөд батлагдсан төсвийн хөрөнгө, төсвийн тодотгол болон борлуулалтын орлогоор өвс, тэжээлийг 100 хувь бүрдүүлэн бэлэн байдлыг хангасан.

 

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл үнэгүй буюу хөнгөлөлттэй үнээр малчид иргэдэд олгох талаар Улсын Их хурлыг 7 гишүүн, 10 аймгийн Засаг дарга нарын ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний хуралдаанаар шийдвэрлэж малчид иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

 

2017 оны зуншлага муу байснаас ихэнх нутгаар хадлан бэлтгэх боломжгүй байсныг харгалзан аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж Төсвийн тодотголоор 4.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусган хэрэгжилтийг ханган ажилласан.

 

Түүнчлэн махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 143.8 тэрбум төгрөгийн 29281.7 тонн мах экспортлосон.

 

Цаашид мал сүргийг эрүүлжүүлэх, бэлчээрийн даац, мал сүргийн бүтцийг зохистой болгох, бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах, цаг агаарын дунд, урт хугацааны таамаглал боловсруулах чадавхийг сайжруулах зэрэг дунд хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

 

Асуулга 1: Отроор өвөлжиж, хаваржих зохицуулалтыг хэрхэн хангасан, цаашид бэлчээрийн даацад хэрхэн арга хэмжээ авах талаар товч танилцуулъя. 

 

Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 106.0 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгдлээ. Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй,  30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 3 дахин муу байгаа юм.

 

Тиймээс энэ жилийн хувьд отор нүүдлийн хөдөлгөөн өмнөх жилээс 2.9 сая малаар илүү байх гэрээнүүд хийгдлээ. Аймаг, сумын Засаг дарга нарын хооронд гэрээ байгуулан өөр аймгийн нутагт 3129 өрхийн 1.2 сая, өөрийн аймгийн бусад сумын нутагт 8194 өрхийн 3.9 сая, сум дундын отрын бүс нутагт 1259 өрхийн 402.0 мянга, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргааны шийдвэрээр тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 1096 өрхийн 756.0 мянга, Хил хамгаалах ерөнхий газрын зөвшөөрлөөр хилийн зурвас газарт 3030 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 6,0 мянган  өрхийн 2.3 сая мал, улсын хэмжээнд нийт 22,8 мянган өрхийн 9.8 сая толгой мал отроор өвөлжиж байна.

 

Гэрээгүй дураараа нутаг сэлгэн өвөлжиж байгаа малчдын хувьд бэлчээрийн маргаан дэгдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ХХААХҮ-ийн сайдын албан даалгаварт ийм асуудал гаргахгүй байх үүрэг чиглэлийг орон нутагт хүргүүлсэн.

 

Цаашид бэлчээрийн даацад тохируулахын тулд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрөөр хэлбэл мал, мах экспортыг нэмэгдүүлэхэд чиглэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх, малын хөлийн татвар тооцох, Бэлчээр хамгаалах хуулийг гаргах нь зүйтэй.

 

 

Асуулга 2: Хөдөө орон нутагт оршин сууж буй нийт иргэд, малчдын эрүүл мэндийн асуудал, орон нутгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр дараахь арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

 

Хөдөө орон нутагт нийт 5042 нярай хүүхэд, 5 хүртэлх насны 164.969 хүүхэд, 18545 жирэмсэн эмэгтэй, 71312 өндөр настан иргэд байгаа бөгөөд тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

 

Улсын хэмжээнд цагаан зудтай ба цагаанаар зудархуу байгаа нийт 18 аймгийн 110 суманд жирэмсэн эмэгтэй 1986, нярай хүүхэд 782, 0-5 хүртэлх насны 17726 хүүхэд, 10066 өндөр настан, 5697 хөгжлийн бэрхшээлтэй иргэн өвөлжиж байна.

 

Мөн отроор өвөлжиж байгаа айл өрхөд 62 жирэмсэн эмэгтэй, 48 нярай хүүхэд, 0-5 хүртэлх насны 594 хүүхэд, 526 өндөр настан, 138 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

 

Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн төвүүд өөрийн аймаг, сумын отроор явсан болон тухайн нутаг дэвсгэрт оторлож яваа малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, ялангуяа жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд үзүүлэх тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийг тогтмол солилцон тэдэнд учирч болох эрсдэлээс сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх, хяналтыг тогтмолжуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангасан.

 

Амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу тогтмол 2 сарын нөөцтэй байлгахад анхаарал хандуулж, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 388 дугаар тушаалаар батлагдсан 50 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт  2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад 80 гаруй хувьтай хангагдсан.

 

Цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, сумын эрүүл мэндийн төвүүдийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд орон нутгийн хэмжээнд төсвийн зохицуулалт хийж, хэмнэлттэй байгаа бусад зардлыг тээвэр шатахуун, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зарцуулахаар чиглэл өгсөн.

 

           Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн тасралтгүй бэлэн байдлыг хангах, жирэмсэн эмэгтэйг онцгой анхаарч хяналтыг сайжруулан төрөх дөхсөн болон өндөр эрсдэлтэй жирэмсэн малчин эмэгтэйг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 338 дугаар тушаалын дагуу эхийн амрах байранд амраах зохион байгуулалтыг хийж байна.

 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/105, А/281, А/374 тоот тушаалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Гамшгийн хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхэд, хөхүүл эхчүүдийн дархлаа дэмжих, өвчлөлөөс сэргийлэх зориулалтаар үндэсний хэмжээнд А аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн болон бусад бэлдмэлийг хуваарилсан. Үүнд:

 

Эрүүл мэндийн сайдын А/105 тоот тушаалаар бага насны хүүхэд болон хөхүүл эхчүүдэд өндөр тунт А аминдэм, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл,


Эрүүл мэндийн сайдын А/281 тоот тушаалаар бага насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэх шингэн сэлбэх давсны уусмал болон цайрын бэлдмэл, 15 аймгийн 96 суманд хүүхдэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, эрдэс тэжээлийг тус тус хуваарилсан.

 

Монгол улсын Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу 0-2 насны хүүхдийг халдварт 11 өвчний эсрэг 6 төрлийн вакцинд хамруулдаг бөгөөд өвөлжилт хүндэрсэн аймгуудад тухайн насны хүүхэд товлолт вакцинжуулалтад хамрагдаагүй тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

 

Асуулга 3: Өвс тэжээлийн бэлтгэл, хүрэлцээ хангамжийг сайжруулах талаар дараах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

 

Малчдын түвшинд ургацын урьдчилсан балансаар 850.0 мянган тн хадлан авахаар тооцоологдож байсан боловч 935.7 мянган тн хадлан бэлтгэсэн нь байгалийн нөөцийг хангалттай ашигласан гэж үзэж байна. Харин хүчит болон шүүст, гар тэжээл төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй шаардагдах тэжээлийн 70.2 хувийг бэлтгэсэн байсан.

 

Малчдын өвс, тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тодотголд 40.0 тэрбум төгрөг тусган аймгуудад борлуулалт хийх, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж хүүгүй санхүүгийн эх үүсвэрийг 34 аж ахуйн нэгжүүдэд олгох Бодлогын болон Зээлийн гэрээнүүд хийгдэж дууслаа.

 

Уг ажлыг “Өвөл, хаврыг өнтэй давъя” аян хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүд сонгогдсон аймгийнхаа бүх суманд 1 тонн хивгийг 334.0-480.0, хорголжин тэжээлийг 344.0-517.7, овьёосыг 400.0-537.7, арвайг 410.0-440.0 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна.

 

Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэрэгжсэнээр 25 кг хивэг 9800, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус борлуулагдаж байгаа нь өмнө нь худалдаалагдаж байсан үнээс даруй 25-30 хувиар хямдарсан.

 

Тус аяны хүрээнд 4336.8 тонн хивэг, 3108.4 тонн хорголжин, 260.0 тонн шар буурцагийн шахдас, 84.2 тонн тэжээлийн бэлдмэлийг импортлохоор Төрийн сангаас эрх нээгдсэн 21.3 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдийн тусгай нөхцөлт данс руу шилжүүлэв.

 

2017 онд Үндэсний үйлдвэрт 20111 кг хонь, тэмээний ноос тушаасан 86465 малчны мэдээлэл баталгаажиж, 22.4 тэрбум төгрөгийн урамшуулал авахаар болж байна.

 

Засгийн газрын 2017 оны  186 дугаар тогтоолоор өгсөн үүргийн биелэлт 10 дугаар сарын 25-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл хүлээн авахад аймгийн аюулгүйн нөөц 88.5 хувь, сумдын аюулгүйн нөөц  58.5 хувийн биелэлттэй байсан.

 

Харин аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж Төсвийн тодотголоор 4.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусган, нөхөн бүрдүүлэлтийг  дотоодоос худалдан авах чиглэл өгсний дагуу бүх аймгууд нөөцөө бүрэн бүрдүүллээ.

 

Асуулга 4: Онцгой байдлын алба, албан хаагчдын бэлэн байдлыг хангах, өвс тэжээлийн улсын нөөцийг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

 

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас эрэн хайх, аврах ажиллагааны үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дулаан хувцасны бэлтгэл, бэлэн байдал бүрэн хангагдсан.

 

Байгалийн гамшиг, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай давах зорилгоор Засгийн газрын 2001 оны 47 дугаар тогтоолоор 1 хонин толгойд 1 кг өвсөөр тооцон нийт малын 25 хувийг 3-аас доошгүй хоног тэжээх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр заасны дагуу 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд улсын нөөцөд батлагдсан төсвийн хөрөнгө, төсвийн тодотгол болон борлуулалтын орлогоор өвс, тэжээлийг 100 хувь бүрдүүлэн бэлэн байдлыг хангасан.

 

Мөн орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдээс малчдад өвс, тэжээл хүргэхэд зам даваа хаагдах, тээвэрлэлтийн зардал өндөр гарах, цаг алдах зэрэг хүндрэл бэрхшээл үүсдэгтэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 314 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Завхан аймгийн Түдэвтэй сумдад бэлэн байгаа агуулах, саравчийг түшиглэн улсын нөөцийн түр цэгүүдийг байгуулан өвс, тэжээлийг байршуулав.

 

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээ болон аймгуудын Засаг дарга нарын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар улсын нөөцөөс 8000  тонн өвс үнэгүй, 6500 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 150 сумын малчид, иргэдэд хуваарилах шийдвэр гаргаж хүргэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Улсын нөөцийн өвс, тэжээлийг өвөлжилт хүндэрч мал тарга тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт хүргэснээр болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, малын хорогдлыг багасгах зэрэг мал сүрэг өвлийг өнтэй даван туулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

 

Монголын улаан загалмай нийгэмлэг нь ган, зудын эрсдэлийн мэдээг үндэслэн Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15000 боодол өвч худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэх ажлыг зохион байгуулсан.

 

Мөн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын улаан загалмайн дэмжлэгтэйгээр “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүр 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс, тэжээлийн тусламж үзүүлэх бэлтгэл ажлыг ханган, эхний 1170 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламжийг үзүүлээд байна.

         

Асуулга 5: Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар Засгийн газар, ХХААХҮЯ-аас дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

 

Манай улс 2017 оны эцсээр ОХУ-д 560.0 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 26118.7 тонн адууны мах, Иран, Катар улсад 2603 тонн хонь, ямааны мах нийт 29281.7 тонн мах экспортлож 143.8 тэрбум төгрөгийн экспорт хийсэн нь өмнөх жилээс 3 дахин, сүүлийн 5 жилийн дунджаас 7 дахин их борлуулалт хийгдсэн.

 

Дулааны аргаар боловсруулсан нөөшилсөн мах махан бүтээгдэхүүний хувьд 2.5 мянган тонныг экспортолсон нь өмнөх оноос 3.6 дахин нэмэгдэж, хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны  мах экспортлох квотыг тогтоосон. Үүгээр 28.9 мянган тонн үхрийн мах, 43.6 мянган тонн адууны мах харин хонь, ямааны маханд хязгаар тогтоохгүйгээр экспортлохоор боллоо.

 

Асуулга 6: Орон нутгийн зам, давааны арчилгааны талаар дараах арга хэмжээг авч байна.

 

Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний дагуу Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажилладаг төрийн өмчит 20 компани, хувийн хэвшлийн 8, нийт 28 зам хариуцагч компаниудын Авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд гүйцэтгэх авто зам, гүүрийн арчлалт, урсгал засварын ажилд зөвлөх үйлчилгээг захиалагчийн хяналтын зардлаар гүйцэтгэж байна.

 

Улсын чанартай авто замд осол аваар ихээр гардаг өндөр эрсдэлтэй 25 цэг, зам хариуцагч компанийн 165 цэгийг тогтоож автозамын газар, зам засвар арчлалтын компаниуд байнгын хяналт тавин ажиллаж байна.

 

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 16 аймгийн 101 суманд 164 даваа, 31 тал, хөндий газар цасанд хаагдаж иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл бэрхшээл үүсдэг тул улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 198 хүн, 160 техник хэрэгслийг ажиллуулж байна.

 

Өвлийн улирал дундаа орж, билгийн тооллын дагуу авч үзвэл идэр есийн хүйтний улирал эхэлж, 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарахаар байна. 

 

Иймээс малчид, хөдөөгийн ард иргэдийн хувьд өвлийг өнтэй даван туулах чиглэлээр анхаарлаа сулруулалгүй ажиллах, аймаг, сумын удирдлагын зүгээс цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын мэдээллийг анхааралтай ажиглаж, өвлийг даван туулахад чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллах нь зүйтэй гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна хэмээлээ. 

Shuud.mn
Сонин хачин