Ил гараагүй Н.ЭНХБАЯР буюу МАХН-аас зүүгдсэн О.Баасанхүү
2018-01-22

 

Улс төрийн гуравдагч хүчин МАХН-ын талаарх олон нийтийн эргэлзээнд УДШ өнгөрсөн долоо хоногт цэг тавив. Учир нь шинэ оныг МАХН хоёр даргатай угтсан. Оны өмнөхөн хоёр хэсэг талцан хуралдсан МАХН-ын их чуулганаар Төрийн ордон дахь төлөөлөл Н.Энхбаярыгаа огцруулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг даргаараа томилсон билээ. Харин нөгөө талд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нарын зохион байгуулсан чуулган О.Баасанхүүг даргаар томилсон тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох шийдвэрээ гаргасан.  Гэхдээ ч МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх  хүсэлтээ О.Баасанхүү нар УДШ-д хүргүүлээд байсан юм.

 

МАХН-ын  дүрэмд зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Тиймээс УДШ энэ бүхнийг харгалзан үзээд  “Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулах  намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий  байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс  татгалзлаа” гэсэн шийдвэр гаргасан байна. 

 

Одоо МАХН буюу Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын хооронд асуудал үлдлээ.  Тус намын бага чуулганаас хойш МАХН-ын дарга Н.Энхбаяр уг асуудлаар өөрийн биеэр тайлбар хийгээгүй. УДШ-ийн хуралд ч оролцоогүй. Харин  МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар О.Баасанхүүг тус намаас хөөсөн шийдвэрийг гаргасныг удаа дараа мэдэгдэж байгаа. Мэдээж,  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр энэ асуудалд өөрөө оролцож “жижигрэхгүй”,  төлөөллөө илгээж, алсаас удирдаж байсан нь тодорхой. Нэгэн цагт Сөүл-Улаанбаатарын хооронд түгжрэлгүй нисч, Төрийн ордонд хаалтгүй нэвтэрч,  төр барилцаж байгаа улс төрийн хүчнийг хагаралдуулж, Засгийг нь огцруулж явсан энэ эрхэм намынхаа тамга тэмдэгний асуудлаар яаран  ил гарч мэдэгдэл хийн, тавьтиргүйтэхгүйгээ мэдэж байгаа. 

 

Ер нь О.Баасанхүүг МАХН-аас хөөх шийдвэрийг энэ удаад гаргаж байгаа юм биш. Өмнө нь хэдэнтээ шийдвэр гаргаж, буцаан хүчингүй болгож байсныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.  О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан УДШ-ийн шийдвэр гарсны дараагаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлийн бага хурал зарлаж, “О.Баасанхүү гэдэг гишүүн МАХН-д байхгүй” гэдгийг онцлон мэдэгдэж байна лээ. Харин гишүүн О.Баасанхүүгийн тухайд ямар нэг тайлбар хийгээгүй байгаа. Тэрбээр УДШ-ийн хуралд оролцохын өмнө журмын нөхөддөө чичлүүлж, угзачуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр  тархана лээ.

 

 МАХН-ын гишүүд адил тэгш эрхтэй ч О.Баасанхүүгийн тухайд  тус нам дахь цор ганц УИХ-ын гишүүн. МАХН-ыг  парламентад суудалтай нам болгож байгаа төдийгүй парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдийг  төлөөлж байгаа эрхэм. Энэ утгаараа намынхантайгээ дотроо зөрчилдөж, тэрсэлдсэн ч түүнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэж бий. Харин  МАХН-ын даргадаа чин үнэнч гишүүд  зөвхөн түүнд ногдсон халдашгүй бүрэн эрхийг нь үл хүндэтгэн, дайрч, давшиж байгаа нь эмгэнэлт жүжгийн үзэгдэлтэй агаар нэгэн харагдсан.

 

Магадгүй, О.Баасанхүүг өнөөдөр  гишүүнчлэлээсээ хөөх нь 2020 оны парламентын сонгуульд нэр цэвэр орох нүүдэл гэсэн улс төрийн алсын хараа гаргасан байж ч болох.  Гэхдээ улс төрийн хүчнүүдийн гол зорилго парламентад суудалтай байж,  олон нийтэд дуу хоолойгоо хүргэх. Тиймээс МАХН О.Баасанхүүг хөөж болох ч парламент дахь нэг суудлаа хадгалах нь юу юунаас үнэ цэнэтэй.

 

Нэг гишүүнээ хүчрэхгүй бол олон мянган гишүүнчлэлтэй байгаад яанам.  Нөгөөтэйгүүр О.Баасанхүү  МАХН-аас хөөгдөн хөөгдөн зүүгдээд байгаа нь цаана учиртай. Түүнд шинээр 801 хүний гарын үсэг цуглуулаад, шинэ нам байгуулах эрх бий. МАХН-ын дарга Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын хооронд ямар хэлцэл тохироо үл ойлголцол өрнөөд байгааг одоогоор хэн ч таашгүй.

 

Ер нь олон нийтийн алдагдсан итгэлийг олох хамгийн хэцүү. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшиж олон санал авсан ч МАХН-ын удирдах түвшний дүрээр С.Ганбаатар олон нийтийн  сэтгэлд буудаггүй.

 

Харин өнөөдөр О.Баасанхүүг гишүүнчлэлээсээ хасч, хөөсөн шийдвэрээ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр  мэдэгдчихвэл олон нийтэд асуудал тодорхой болохоор.  Дээд шүүх нэгэнтээ шийдвэрээ гаргасан энэ өдрүүдэд  дотоод асуудалдаа  МАХН-ын дарга Н.Энхбаяр л цэг  тавих юм. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
MGL:
CHATSGA GEECH
2018-01-22
Зочин:
Muu Baasiig CHASTAGA BOLGOOROI
2018-01-22