Марк Цукерберг: Фэйсбүүкт ташаа, худал мэдээллийг хязгаарлана
2018-01-22

 “Фэйсбүүк” компани шинэчлэл хийхээр болжээ. Энэ талаар “www.abc.net.au” сайт мэдээллээ.

 

 “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний гүйцэтгэх захирал Марк Цукерберг

 

 “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ амралтын өдөр  сүүлийн хэдэн жил хийгдээгүй шинэчлэлийг хийхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр эхний ээлжинд цахим ертөнц дэх худал, сенсаац хөөсөн, хэн нэгнийг гутаан доромжилсон гэх мэт “News feed”-ээр урсдаг мэдээллийг үнэн бодитоос, бодит бус гэдгээр нь эрэмбэлэхээр болсон байна.

 

“Энэ бол томоохон хэмжээний өөрчлөлт, бид энэхүү өөрчлөлтөөр хэрэглэгчдээ худал, сенсаац мэдээллээс хамгаалах болно” хэмээн Цукерберг мэдэгдлээ. Тэрбээр өнгөрөгч баасан гаригт өөрийн фэйсбүүк хуудастаа “Ирэх долоо хоногоос “News feed” ташаа мэдээлэл цацдаг эх сурвалжаас татгалзаж, үнэн бодитой эх сурвалжийн мэдээллийг цаг алдалгүй оруулах болно” гэж бичжээ.

 

Үнэн, худал мэдээллийг ангилахын тулд тус компани хэрэглэгчдийн пост, видео, зургийг “News feed”-ээс түгээхээс урьтаж, шүүлт хийхээр болсон байна.

 

Цукерберг дэлхийд тархан суурьшиж буй фэйсбүүкийн хэрэглэгчдэд хандан мэдэгдэхдээ “Өнөөдрөөс эхлэн худал, цуурхал, нэг нэгнийг санаатайгаар гутаасан болон сенсааци хөөсөн мэдээлэл фэйсбүүкээр цацагдахгүй” гэв.

 

“Фэйсбүүкээс гадна твиттер, инстаграм гэх сүлжээний тусламжтай олон нийт мэдээллийг түргэн шуурхай хаа хүссэн газраа түгээх болсон. Бид нийгмийн сүлжээний тусламжтай цаг хугацааг хэмнэх боломжтой болсон. Харин сүүлийн үед энэ бүх хялбарчилсан арга хэн нэгний цуурхал тараах хэрэгсэл болж буйд харамсч байна. Тиймээс бид илүү цензуртай байх ёстой. Одоо л бид энэ бүх үйдлийг хяналтадаа оруулахгүй бол улам хүчээ авсанаар нэг л өдөр хяналтаас гарна” хэмээн Цукерберг мэдэгдлээ.

 

Энэ бүх шинэчлэл одоо 5 хувьтай байгаа гэнэ. Шинэчлэлээс болж тус компанийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна.

 

Цукерберг энэхүү шинэчлэлдээ нэг тэрбум ам.долларыг зарцуулж, их хэмжээний санхүүгийн алдагдал хүлээж буй билээ. “2018 он бол фэйсбүүкийн өөрчлөлтийн жил” хэмээн Цукерберг мэдэгдэж “Би хэзээ ч бууж өгөхгүй” гэжээ.

 

Сүүлийн жилүүдэд фэйсбүүкээр ямар ч цензургүй видео бичлэг, зураг, сэтгэгдэл, дайн эсвэл нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн тухирсан хэн нэгний хүслээ биелүүлэх хэрэгсэл болж байна.

 

Мөн бизнес эрхлэгчид фэйсбүүкийг нийгмийн гэх статусыг нь өөрчилж, ашиг олох цонхоо болгож буй нь фэйсбүүкийн удирдлагуудыг урмыг хугалж, шинэчлэл хийх алхам болсон хэмээн олон нийт харж байна.

 

“Хэрэглэгчид фэйсбүүктээ гэр бүлийн зураг, зугаалгын зураг эсвэл нэг нэгэнд сэтгэлээ илчлэх, нэгэн нэгэнд урам хайрласан сэтгэдэл оруулж, өнгөрсөнд үлдсэн гайхалтай дурсамжуудаа сэргээн санах хэрэгслээ болгоосой хэмээн хүссэн. Харин одоо миний бодсоноос ондоо болоод байна” хэмээн Цукерберг харамсангүй хэлжээ.

 

Эхлээд гэр бүл, найз нөхдийн нийтэлсэн мэдээллийг “News Feed”-ээр түгээх гэнэ. “Та цөөхөн мэдээлэл харах болно. Гэхдээ эдгээр мэдээллүүд “найдвартай” гэж Цукерберг онцлов.

 

Тэрбээр мөн хуурамч хаяг үүсгэж садар самуун, ашгийн зорилготой, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэрэглэгчдийг мэдээллийг сайтар судалж, улмаар гишүүнчлэлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ сануулаад “Хууль бус бүхэнтэй тэмцэх болно” гэж хэлжээ.

 

АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ОХУ ойролцоогоор 3000 гаруй сурталчилгааг зарцуулахад 100 мянган ам.доллар зарцуулсан болохыг Фэйсбүүк компани өнгөрсөн онд тогтоосон билээ.

 

Эдгээр сурталчилгааны агуулга нь улстөрийнх  цөөн байсан ч ихэнх нь цагаачлал, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, эрх тэгш байдал зэрэгтэй холбоотой байжээ.

 

Оросууд фэйсбүүкээр дамжуулан АНУ-ын сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлсөн байна. Фэйсбүүк хуурамч, ташаа мэдээлэл тараадаг 470 гаруй хаягыг илрүүлж, блоклосон юм. Энэ мэтээр хэрэглэгчид хуурамч мэдээллээр тархиа угаалгах эрсдэлтэй нүүр тулаад буй учир Цукерберг өөрчлөлт хийх алхам болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин