”Эдийн засгийн бодлогын чуулган-2018” Орхон аймагт боллоо
2018-01-22

Монголбанкнаас санаачлан "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй хамтран “Эдийн засгийн бодлогын чуулган-2018” анхдугаар  чуулганыг Орхон аймагт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд “Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд” сэдвийн дор зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад Монголбанк, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Үндэсний статистикийн хороо, Монголын ипотекийн корпораци, Хөгжлийн банк, арилжааны банк, аж ахуйн нэгжийн төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцов.

 

 

Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж хэлсэн үгэндээ  “Монголын эдийн засаг  хэдийгээр аюулаас аврагдсан ч холдож амжаагүй байна. 2017 онд улсын өрийн дефолт, ханшийн огцом савлагаа, санхүүгийн системийн хямрал, эдийн засгийн уналт, магадгүй үүнийг дагасан нийгмийн тогтворгүй байдалтай бид нүүр тулахад ойрхон байсан. Дахин ийм сорилт, хүнд нөхцөл бүү тулгараасай. Бодлогын зорьмог шийдвэрүүдийг тухай авч хэрэгжүүлсний үр дүнд манай улсын эдийн засагт маш олон өөдрөг үзүүлэлтүүд гарч, эерэг хандлагууд ажиглагдаж, зах зээл дээр итгэл сэргэж, эдийн засагт тулгарсан аюул, эрсдэлүүд биднээс түр холдсон ч цаашид хийх ажил маш их байна. 2018 он бол бидний хувьд бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгаж, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх маш чухал жил буюу шинэчлэл, реформын жил болох ёстой гэж үзэж байна. Энэ оныг бид үүлэн чөлөөний нар гийсэн үетэй адилтгаж эдийн засгаа өөд нь татах ёстой” хэмээн онцлов.

 

 

Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар “Мөнгөний бодлогын хэрэгжилт, сургамж”, “2018 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв, сорилтууд”, “Мөнгө угаах болон террозмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа”, “Цахим мөнгө болон криптовалют” зэрэг илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүллээ. Эдгээр үндсэн сэдвийн дор чуулганы төлөөлөгчид  Монголын эдийн засаг дөнгөж өндийх төдий байгаа энэхүү богино цаг хугацааг зөв, оновчтой бодлого шийдвэрээр дэмжих нь чухал байгааг санал нэгтэй дүгнэв.

 

Монголбанкнаас цаашид “Эдийн засгийн бодлогын чуулган”-ыг жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулж байхаар зорьж байна.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.mongolbank.mn

Shuud.mn
Сонин хачин
poter henry:
Dr.Harry Poter    Би эрхтэний мэс засал хийдэг мэргэжилтэн бөгөөд бид Бөөрний худалдаа хийхийг сонирхож байгаа, эсвэл биеийнхээ аль ч хэсгийг худалдаалахыг хүсч байгаа хүнээс худалдан авдаг. Бидэнд илүү их мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. И-мэйлээр бидэнд хандаарай clinichealth2014hotmail.com
2018-02-15