Ш.Лхамноржмаагийн уран бүтээлийн тоглолт ирэх сард болно
2018-01-22

 

МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найраг Ш.Лхамноржмаа ирэх хоёрдугаар сарын 3-нд “Даяарын амгалан” уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулах гэж байна.

 

Соёлын төв өргөөнд болох тус тоглолтод Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн хаан найргийн хатан Ш.Дулмаа, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо зэрэг номын садан нь шүлгэн цацал өргөх аж.

 

Харин дуучдаас гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга, Л.Болдбаатар, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Э.Оюумаа, А.Түмэн-Өлзий зэрэг дуучин ая дуугаа эгшиглүүлэх гэнэ.

 

Ш.Лхамноржмаа нь 2009 онд “Даяарын амгалан” яруу найргийн ном, нийтийн дууны цомог хэвлүүлж байв. Уг цомогт “Би чамд хайртай”, “Хайр ирнэ”, “Ижийдээ”, “Уйдашгүй эх орон”, “Цаг мөнхийн хайр”, “Зүрхний гижиг”, “Ижий улирал” зэрэг 13 дуу багтжээ.

 

Мөн 2002 онд “Хуульгүй амраг”, 2004 онд “Цаг хугацаа миний амраг”, “Зүрхний гижиг” яруу найргийн ном, цомгоо уншигч, сонсогчдодоо хүргэж, 2009 онд “Чамайг бүтээхүй” симфони, яруу найргийн тоглолт хийсэн юм.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин