У.Хүрэлсүх:Гамшгийн эрсдэлийг бууруулах нь Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл
2018-01-24

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон Далайн бүсийн дарга Лоретта Хибер Жерардег хүлээн авч уулзлаа.

 

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хүчин чармайлтыг уялдуулан зохицуулахад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас явуулж байгаа үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар өндөр үнэлж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

 

  Улс орон, ард иргэд, хүрээлэн буй орчныг байгалийн болон бусад гамшиг, ослоос хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бүх боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэв.

 

  Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг үндэсний хэмжээнд болон бүс нутагтаа хангахын төлөө чармайн ажиллаж байгааг дурдав.

 

“Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн уялдаа, ач холбогдолд онцгой анхаарч байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд мөн Азийн сайд нарын Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг урьснаа дахин нотлов.

 

Монгол Улсын Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутагтаа манлайлж Азийн сайд нарын Бага хурлыг нутагтаа зохион байгуулах гэж байгаад хатагтай Лоретта Хибер Жерарде талархал илэрхийлэв. Энэ хурал нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа бодлого, ажлаа бүс нутаг, дэлхийд сурталчилж, илүү өргөн хүрээнд ажиллах боломж бүрдүүлнэ гэдэгт итгэж байна гэв.

 

Азийн сайд нарын Бага хурлаас Улаанбаатарын тунхаглал гаргах бөгөөд 2018-2020 онд Ази, Номхон Далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийг батлах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин