Зэрлэг амьтад хөлдөж, осгож үхэж байна
2018-01-30

 

Сүүлийн өдрүүдэд 40 хэм хүрч  хүйтэрч байгаа нь зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлж эхэллээ. Өнгөрсөн зун өвс муу ургасан, оны эхээр цас их орсон нь бүр ч нэрмээс болж монгол бөхөн, хар сүүлтий зэрэг зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа юм. Хэдийгээр  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч тодорхой газруудад  өвс, хужир, тэжээл тавьж байгаа ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө зэрлэг амьтад аргагүй хүчин мөхөстөж байна. Бөхөн хамгаалах сүлжээ багийн гишүүдийн мэдээллээр сүүлийн өдрүүдэд үхсэн бөхөн, хар сүүлтий цөөнгүй тааралдах болжээ.


Нөхцөл байдал ийм болсон тул  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар холбогдох талуудтай хамтран  зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээл тавих ажлыг энэ долоо хоногт үргэлжлүүлэн өгөхөөр болжээ.

 


Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон бусад талуудын хамтын хичээл зүтгэлээр Монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж 2014 оны байдлаар тоо толгой 14 мянгад хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой эрс буурч 2017 оны гуравдугаар сарын тооллогоор ердөө 5000 орчим монгол бөхөн үлдээд байгаа юм.

 

М.Дөлгөөн
 

Shuud.mn
Сонин хачин