Монгол эмч НҮБ-ын шагнал хүртлээ
2018-01-31

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан медаль”-иар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Лочин шагнууллаа. Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа шинэ бүтээл зохион бүтээсэн хүмүүст олгодог. Ц.Лочин нь мэс заслын олон багаж шинээр зохион бүтээж олон патент, ашигтай загварын гэрчилгээ авсан Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч юм. 

 

 

Шагналыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү гардуулав. Тэрээр “Юуны өмнө Монгол хүний оюун ухаан дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг нотолсон нэр хүндтэй шагналыг хүртэж байгаад баяр хүргэе. Дэлхий дахины шинийг санаачлагчдад олгодог тус шагналыг 1979 оноос олгож эхэлсэн байдаг. ДОӨБ-ын медалиар шагнуулах нэр дэвшигчид нь өөрсдийн шинэ бүтээлийг патент, ашигтай загвараар эрхийн хамгаалалт хийлгэсэн байх ёстой. Мөн зохион бүтээсэн бүтээлүүд нь амьдрал дээр бодитой хэрэглэгддэг байх шалгууртай юм. Маш нарийн нягталдаг. Бидний өгсөн материалыг 2-3 жилийн хугацаанд судалсан. Оюуны өмчийн хөдөлмөр, хүчин чадлыг Монгол Улс үнэлэх цаг нь аль хэдийн болсон. Мэс заслын их эмч Ц.Лочин маань улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт маш чухал ач холбогдолтой, нэр хүндтэй шагналыг Монгол Улсдаа авчирлаа. Цаашдынх их үйлст нь өндөр амжилт хүсье” гэлээ.

 

Ерөнхий мэс заслын их эмч Ц.Лочин нь 20 гаруй ерөнхий мэс засал ба дурангийн мэс заслын багажуудыг шинээр бүтээж, сайжруулан өөрчилжээ. Тухайлбал, дурангийн хагалгааны үед хэвлийн шархыг дээш татаж оёход хэрэглэх багаж, цөсний хүүдийн чулууг авах багаж, олон чулуутай цөсний хүүдийн чулууг авах багаж зэргийг зохион бүтээж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
amjilt uragshaa zaluu mini
2018-07-19
Зочин:
sain medee bna
2018-01-31