Хорт хавдрын 80 орчим хувь нь хожуу оношлогдож байна
2018-02-01

 

Жилийн бүрийн хоёрдугаар сарын 4-нийг  "Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг. Өнөө жилийн энэ өдрийг “Бид чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Энэ өдрийг угтан  Хавдрын эсрэг үндэсний аянг зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуралд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл нар оролцов.

 

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнгийн өгсөн мэдээллээр Монголд таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж байна. Манай улсад 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилж, 4112 хүн баржээ. Хорт хавдрын нас баралт ийн өндөр байгаа нь нийт хавдрын 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үедээ оношлогдож байгаатай холбоотой гэдгийг эмч нар хэлж байна. Энэ талаар ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан ингэж ярив.

 

 

-Хорт хавдрын нас баралтын гол шалтгаан нь хожуу илрүүлэлт гэж ярьж байна. Оношлогоон дээр ахиц гараагүй гэж ойлгож болох уу?

 

-1997 онд Монгол Улс анх удаа хорт хавдартай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 80 дугаар тогтоолоор батлуулж байсан. Тухайн үед бүх хавдрын 80 орчим хувь нь хожуу оношлогдож байна. Оношлогдсон хүмүүсийн  70-80 хувь нь амь насаа алдаж байсан тоо баримт бий. Гэтэл байдал өнөөдөр ч яг хэвэндээ байна. Энэ нь бид эрт илрүүлэлтэд онцгой анхаарах ёстойг харуулж байгаа юм. 20 жилийн дараа ч хавдар хожуу оношлогдож байна гээд ярьж байна.

 

-Нэг үеэ бодвол хүмүүс эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болсон. Мөн мэдээллийг ч сайн авдаг. Гэтэл яагаад 20 жилийн өмнөх байдал өөрчлөгдөөгүй юм бэ?

 

-Эрт илрүүлэхэд анхаарах, хүмүүсийг уриалах бол нэг ажил. Хамгийн чухал нь эрт илрүүлэлтийн тогтолцоо байх ёстой. Дурын нэг иргэн хандахад чанарын баталгаатай үздэг,  хариуг цагт нь өгдөг, шаардлагатай бол дуудаж эмчилгээг нь хийдэг энэ тогтолцоо манай улсад зайлшгүй шаардлагатай. Энэ тал дээр онцгой анхаарч, бий болгохын тулд УИХ-ын гишүүдээс эхлээд хууль боловсруулагчидтай хамтран ажиллах ёстой. Шаардлагатай бол Эрүүл мэндийн хуулинд энэ тухай оруулж өгөх хэрэгтэй. ХСҮТ-ийн эмчилгээ үйлчилгээ тодорхой түвшинд явж байгаа. Манай эмч нар олон улсад үнэлэгдэж байгаа ч эрт илрүүлэлтийн тогтолцоог бий болгохгүй бол дахиад 20 жилийн дараа 80 хувь гэсэн тоог эмгэнэлтэйгээр ярьж байна.

 

Элэгний хорт хавдрыг эмчилж, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулсан ч эрт илрүүлэлт хамгаас чухлыг эмч нар ийн онцолж байна. Хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэхийн тулд цогц тогтолцоо ажиллах ёстой аж. Ингэхийн тулд хууль тогтоомжоос эхлээд хөрөнгө санхүүг шийдсэн иж бүрэн үйлчилгээг байх шаардлагатай юм байна.

 

Манай оронд бүртгэгдэж байгаа нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хавдар эзэлж байна. Хамгийн гол нь энэ хавдруудаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

 

Хорт хавдраас урьдчилан сэргийлж, эрт илрүүлэхийн тулд одоогоос долоон жилийн өмнө Хаан банк, ХСҮТ, МҮОНРТ хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг эхлүүлж, 115 750 иргэнийг үзлэгт хамруулж чаджээ. Хаан банк сангийн нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 63 089 км замыг туулж, 115 мянган хүнд хорт хавдрын үзлэг оношлогоо хийж, 73 хувьд нь хавдрын өвчлөл байгааг илрүүлсэн байна. Мөн аймгуудад 477 хүнд хорт хавдрын мэс засал хийжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин