ЭЕШ: Хэлний хичээлүүдийн сонсох даалгавар нэмэгджээ
2018-02-05

Гэрэл зургийг MPA.mn

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр өглөөний 09.00 цагт эхэллээ. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийв.

 

Энэ жил 12 дугаар ангийг 42 орчим мянган хүүхэд төгсөх юм байна. Үүн дээр өмнөх оны төгсөлтийнс 3000-4000 хүүхэд нэмэгдэж, нийтдээ 45 000 хүүхэд ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. Энэ дугаа ЭЕШ-ын өмнөх өдөр монгол хэл, бичгийн шалгалтыг авах бөгөөд босго оноо тавьдаггүй юм. Монгол хэл, бичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч, сэтгэх бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаварыг оруулжээ. Мөн энэ жил монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмэгдсэн байна.

 

Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад нь 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болох аж.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ-д хамрагдах тоо жилээс жилд нэмэгдэж буй. Өнгөрсөн жилүүдэд 2-3 хүүхэд хамрагддаг байсан бол 2017 онд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгчээ. Тиймээс БҮТ-өөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шалгалт өгөх боломжийг илүү нэмэхээр онцгойлон анхаарч байгааг тус газрын хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ. Ингэхдээ тухайн хүүхдийн хөгжлийн онцлогт нь тохируулж, шалгалтад нэмэлт боломж, нөхцөлүүдийг бүрдүүлэх юм байна. Тухайлбал, баррель үсгээр хөрвүүлэх, үсгийн фондыг нэмэх, дохионы багш ажиллуулах аж.

 

ЭЕШ-ыг зургаадугаар сарын дунд 10 хоногт авахаар БСШУСЯ-нд санал хүргүүлжээ. Харин дүн нь долоодугаар сарын нэгэнд гарна.

 

 Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин