Улаанбаатар
Шатахууны үнэ ба Үйлдвэртэй болох нэхэл
2-5

 

ЗАСГИЙН ГАЗРЫГ “БУЛАНД ШАХАХ” ИМПОРТЛОГЧДЫН АРГА, ЗАЛЬ

 

Шинэ Засгийн газар бий болсноос хойших гурван сард ер нь юм юм л боллоо. Түүний нэг нь Засгийн газраас импортын шатахууныг онцгой албан татвартай болгосон шийдвэрийн дараа өрнөсөн үйл явдал. Энэ юу байваа гэвэл шатахууны үнийн өндөр авсан маргаан л даа. Үе үеийн Засгийн газарт эрхэлж дургүйгээ хүрэхээр үнийн хөөрөгдлөөр айлгаж Засгийн газрыг дарамталж тэгснээрээ түрийвчээ зузаалж ирсэн нэр бүхий шатахуун импортлогч хэдэн компанийнхан яг л сурсан зангаа уг шийдвэр гарсны бараг маргаашаас нь давтав. Тэдний Засгийн газарт тулгасан гол шантааж нь бид сүүлийн гурван сар алдагдалтай ажиллаж байна. Тухайлбал, шатахууны литр тутмаас 250-300 төгрөг алддаг. Иймээс төрөөс 260 тэрбум төгрөг өг. Хэрэв өгдөггүй юм бол шатахууны үнийг тэр алдагдалтайгаа дүйх хэмжээгээр нэмнэ гэж сүрдүүлэв. Тэгээд ч зогссонгүй зарим компани шатахууны үнээ нэмж өргөн хэрэглээтэй шатахууны нөөц байхгүй гэж зохиомол хомсдол үүсгэсэн юм.

 

Гэтэл цаана нь АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн нарын хүмүүс шатахууны нөөц хэвийн байгаа. Тиймээс алив хязгаарлалт, үнийн өсөлт байж таарахгүй гэж яаравчлан мэдэгдэж байлаа. Бас албан мэдээллээс харахад шатахууны импортлогч компаниуд өнгөрсөн жил бүгд л ашигтай ажилласан байх юм билээ. Энэ нь импортын шатахуунд онцгой албан татвартай болголоо гэх шийдвэрийг далимдуулан Засгийн газрыг буланд шахах үндэслэл байхгүйг нотлоод байгаа юм.

 

Ер нь шатахууны бизнес хамгийн ашгтай гэдэг нь хэнд ч илэрхий байдаг шүү дээ. “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, “Содмонгол”-ын П.Анандбазар, “Шунхлай”-н Г.Батхүү, “Магнай трейд”-ийн Р.Ганзориг гээд л монголчууд мэднэ. Өнөө үед мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс л нэрд гардаг цаг юм хойно. Тэр ч байтугай оффшорчдын жагсаалтад багтсан зарим нөхөд ч бий. Монголын толгой баячуудын тоонд тэд л яваа нь үнэн. Тиймдээ энэ салбарт тэд монополио аль хэдийнэ тогтоож амжаад ямар нэг өөрчлөлт, үнийн хөдөлгөөн хийхдээ үгсэн хуйвалдаж чаддаг болсон. Тэдний эсрэг зогсож чаддаг давилуун занг нь хязгаарладаг Засгийн газар сүүлийн жилүүдэд байсангүй л дээ. Харин ч төр шатахууны үнийг тогтворжуулж байгаа нь энэ гээд буруу шийдвэр гаргаж хэзээ ч ашигтай байдаг шатахуун импортлогчдод тэрбум, тэрбумаар мөнгө төгрөг өгч муу зан сургасан юм. Үүний цаана бас учир бий. Үе үеий улстөрчид, шатахууны эздийн хоорондын одоо ч байгаа холбоо сүлбээ хэн хэндээ ашигтай байдаг байх л даа. Байх л даа ч гэх яахав. Сонгууль болохоор л улстөрчдөд гайгүй мөнгө сарвайдаг нь шатахуун импортлогчид гэдэг нь нууц биш. Хамгийн ил юм. Нөгөө талаар шатахуун импортлогчид зөвхөн өөрсдийн л ашиг орлогыг нэмэхийн төлөө ажилладаг нь үнэн шүү дээ. Бензин шатахууны өнөөдөр мөрдөж байгаа жишиг үнэ бол дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар байсан үеийнх. Гэтэл тэр нь үнэ буурч 20-30 ам.долларт унасан байхад ч шатахууны үнэ хэвээр байсан. Тэгвэл одоо нэг баррель түүхий нефть дэлхийн зах зээл дээр 69 ам.доллар байна. Бас үнийн өөрчлөлт гараагүй л. Гэтэл шатахууны бизнес эрхэлдэг компанийнхан бууралтыг огт хардаггүй өсөлт гарвал аа тэгсэн үү гэх жишээтэй ажилладаг байх юм.

 

Бас нэг сонирхол татаж байгаа юм юу вэ гэвэл зарим компани шатахууныхаа үнийг нэмснээр ард түмний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүүний үнэ нэмэгдэж амьдралд нь хүчтэй нөлөөлж байна шүү дээ гэхтэй зэрэгцээд Засгийн газар ямар арга хэмжээ авав гэвэл А-80, АИ-92 шатахууны импортын онцгой албан татварыг тэглэлээ гэв. Энэ бол зөвхөн гал унтраах төдий шийдвэр болохоор нөгөө шатахуун импортлогчид бараг л тоосон шинжгүй түгээлтээ хязгаарласан нь ч хэвээр үнэ юугаа ч буулгаагүй л байгаа. Хэрэв Засгийн газар шатахуун импортлогчдынхоо эрхэнд бас цаагуураа холбоо сүлбээтэй байдаггүйсэн бол эрсхэн зогсож болох л байсан. Яах ёстой байсан бэ гэвэл Засгийн газар гаргасан шийдвэрээ хамгаалахын тулд шатахуун импортлогчдынхоо эздийг цуглуулж байгаад:

 

-За Засгийн газар шийдвэрийнхээ ард бат зогсоно оо. Та бүхний шахалт шаардлагаар 260 тэрбум төгрөг өгөх боломж алга гэдгийг мэдэх биз. Иймээс импортын онцгой татварын нөхцөлд ажиллаж чадахгүй гэсэн аж ахуйн нэгж байвал өнөөдрөөс шатахуун импортлох эрхээ цуцлуулж болно. Хэрэв тэгээгүй байж шатахууны хязгаарлалт хийгээд үнийг нь нэмээд байх юм бол Засгийн газар санаачлагаараа эрхийг нь олгодгийн хувьд цуцлах болно шүү гэчихэд л чадах нь үлдээд, чадахгүй нь “явах” байсан юм биш үү. Гэтэл Засгийн газарт маань ийм бяр, тэнхээ алга л даа.

 

Тэр ч байтугай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийгээд “Магнай трейд” гэдэг компанийн эрхийг цуцлах саналаа яаманд нь хүргэлээ гэсэн. Таг чиг л байна. Тэдний эрхийг цуцалж харагдаа ч гэж хүмүүсийн ярихын цаанаа их юм нуугдаж байх шиг байсан. Нээрээ ч тийм дээ гэхээр. Энд нэг санаа хэлэхэд Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 30-аад жил болж байхад эдийн засгийн зарим харилцаа, шийдэл нь социализмын үеийнхээрээ яваад байгаагийн нэг нь шатахуунаар хангах салбар юм шиг. Уг нь зах зээл чинь маргааш идэх хоолоо тавьж хонодоггүй өнөөдрөөр амьдардаг нийгэм шүү дээ. Иймээс энэ салбарын ажилтай Засгийн газар зууралдаж үнэ тогтворжуулах гэж оролдож шатахууны үнийг хаа ч адилхан байлгах гэдгээ больмоор ч юм шиг. Ер нь бол аль эртээ шатахууны үнийг цаг үед нь тааруулаад чөлөөлчихсөн бол өдийд компаниудын хооронд өрсөлдөөн бий болчихсон байх байсан ч юм билүү. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад шатахууны үнэ төвдөө өндөр, хөдөөдөө хямд байдаг гэдэг. Энэ нь зах зээлийн зарчим үйлчилсний үр дүн байдаг байх.

 

ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ТУХАЙ “ҮЛГЭР” ҮРГЭЛЖИЛСЭЭР Л…

 

Дээрх шатахууны гачлан, үнийн тухай хэрүүл маргаан юу хэлээд байна вэ гэвэл Монгол Улс өөртөө нефть боловсруулах үйлдвэртэй болох нэхэл юм. Уг нь үүнийг эрт ойлгосон ч үйлдвэр барья гэж идэвхтэй ярьж эхэлснээс хойш хийе гэвэл арга нь олдоно, хийхгүй гэвэл шалтаг мундахгүйн гэдгийн үлгэрээр бараг 30-аад жил өнгөрлөө. Их ярьсаан. Төлөвлөсөн шав оноо тавьсан нь олон. Долоогоос найман үйлдвэрийн тухай яриа бий. Тэр бүхэн биелээгүйн учир дахиад л бичихээс аргагүй боллоо. “Үлгэр хэзээ дуусах бол” гэж бичснээ санаж байна. Дорнод, Дархан, Дорноговь, Налайхад тавьсан шав одоо ч тэр үлгэрийн үнэнг өгүүлж байгаа. Тэдгээрээс хамгийн боломжтой нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хэнтий аймгийн Бэрх тосгон буюу Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр барихаар хийсэн төсөл байв. Уг төслийн онцлог нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар хийж техник  технологийг нь Германы хөнгөлөлттэй зээлээр авахаар төлөвлөсөнд байсан. Цаашлаад үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн хамтарсан компани байгуулж хариуцахаар гэрээг бэлэн болгосон гэдэг. Энэ бүхэн яг зөв төсөл байсан гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ.

 

Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд уг төслийг хав дараад өнгөрсөн. Манай улс төрд бодлогын залгамж чанар гэж байдаггүйн харгайгаар энэ мэт зөв чигтэй ажил үйл мөн ч олон орхигдох юм даа. Тухайн Засгийн газрынхан хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд бас бус шалтаг шалтгаан ч нөлөөлсөн биз. Тэр төсөлд зарцуулах ёстой мөнгө нь АСЕМ-д залгиулсан гэж зарим албаны хүний хэлсэн үг байдаг. Магадгүй л байх. Ер нь яагаад тийм олон жил удаа дараагийн Засгийн газруудын бодлогод нефть боловсруулах үйлдвэрийн асуудал яригддаг нь боломжгүй гэсэн үг юм уу. Үгүй шүү дээ Монгол Улс газрын тосны гайгүй баялагтай болохоор бусдаас гуйхгүй байж бараг чадахаар даа. Судлаачдын тооцоогоор 332 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс хэмжигдсэн нь 43 сая гэдэг юм билээ. Тэгэхээр үйлдвэрээ барьчихаад жилдээ хоёр сая тонныг боловсруулна гэвэл лав 20 жилийн нөөц байна гэсэн үг. Зөвхөн Тамсгаас жилдээ олборлож байгаа нь 1.2 сая тонн. Үүгээр шатахуун хийх юм бол Монгол Улс хэрэгцээгээ бараг бүрэн дүүрэн хангачихна гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм.

 

Дорнодод “Петро Чайна Дачин Тамсаг”, Дорноговийн Зүүнбаянд “Дошен газрын тос-Монгол” компаниуд олборлолт явуулж олборлосноо өдөр шөнөгүй Хятад руу зөөж байна. Энэ хоёр компани хоёулаа Хятадын хөрөнгө оруулалттайг бодохоор бид өөртөө байгаа баялагтаа эзэн биш зангаар өөр бусдад “бэлэглэж” байгаа юм шиг л сууна шүү дээ. Одоо мөрдөж буй бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монголын тал олборлосон тосныхоо ердөө 26.7 хувийг өөрсдөө захиран зарцуулах эрхтэй. Гэвч үйлдвэрээ барьж чадахгүй мунгинасаар тосоо бүгдийг ачуулдаг. Уг гэрээг өөрчлөх талаар үе үеийн Засгийн газар, улстөрчид огт санаачилга гаргадаггүй нь бас сонин л санагддаг. Цаанаа нэг ашиг сонирхол үйлчилдэг гэдэг нь ч нууц биш л дээ. Иймээс үйлдвэр барих ажил ч бүтэмжгүйд хүрдэг байх.

 

Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар Энэтхэгийн “Эксим” банкнаас зээлэх нэг тэрбум ам.доллараар жилдээ 1.5 сая тонн газрын тос нэрж 90.4 сая ам.долларын ашигтай ажиллах үйлдвэр барина гэсэн тооцоо ярьж эхэллээ. Барих газраа ч шийдлээ гэх юм. Дорноговийн Алтанширээ сумын нутагт гэж товлоод үйлдвэр барих хүн хүчний тухайд ч ярьж үйлдвэрийг 2021 он гэхэд ашиглалтад оруулна гэсэн зорилт ч дуулдлаа. Биелдэг бол сайхан л хэрэг. Бас л үлгэр болохвий гэсэн болгоомж бас төрөх юм. Шалтаг тоочих зарим хүмүүс уг нь уг үйлдвэрийг барих зохистой газар нь Зүүнбаян. Тэнд түүхий эдийн орд нь байна. Дэд бүтэц, зам харилцаа сайтай гэцгээж л байна. Гэтэл тэнд усны нөөцгүй гэсэн шалтгаан зааж болиулсан юм уу даа. Хэрэв усандаа бас зарим орддоо бүр ойртуулъя гэсэн юм бол Бор-Өндөрт ч юм уу бүр Тамсаг руу дөхүүлж яагаад болсонгүй юм бол гэх хүн ч байх л юм. Магадгүй ээ. Тамсаг орчмыг эзэгнэчих шахаад байгаа хятадуудын далд санаанаас айсан байж мэднэ. Нөгөө талаар үйлдвэр барьлаа гэхэд бэрхшээл юу гарч ирэх вэ гэвэл түүхий тосныхоо 70-75 хувийг бусдаас авах асуудал тулгарах юм. Тамсгаас бас Зүүнбаянгаас олборлож буй тосыг одоогоор манай юм гэхэд хэцүү. Учир нь бүтээгдэхүүн хуваах тэнэгдүү гэрээгээр эндээс олборлож байгаа газрын тосыг дотоодын үйлдвэрт нийлүүлэхгүй гэх санаа орчихсон байдаг гэдэг. Тэгэхээр экспортолж байгаа тосоо буцааж авах эрх зүйн чадамж алга л байна шүү дээ. Одоо барих үйлдвэрийг төрийн өмч байна гэж төлөвлөсөн нь шатахуун импортлогчдын таалалд тийм амар нийцэхгүй тал бас бий. Үүнийг сая шатахууны үнийн асуудал дэгдснээр л дохио дуугарлаа гэж хэлж болно. Эцэстээ энэ бүхнийг даван туулж болохгүй бүтэхгүйг хойш нь тавьж үйлдвэрээ л яаравчлах нь зөв юм. Үйлдвэрээ босгохтой зэрэгцүүлж шийдэх нэг гол зүйл нь ердөө түүхий эдийн хангамж. Үйлдвэр ашигтай ажиллах боломж ч үүнээс л шалтгаална. Бас мэргэжилтнүүдийн хэлээд байгаа нэг зүйл нь жилд хоёр сая тонноос бага үйлдвэрлэл ашиггүй гэх. Уг нь энэ хэмжээний биш технологитой үйлдвэр хаа ч байхгүй л гэдэг. Тийм бол өөрийн баялагтаа тохирсон шинэ техник, технолгийг бий болгож болох л юм гэдгийг инженерүүд ярьж байналээ. Ямартай ч боломж бүхнээ дайчлаад газрын тос боловсруулах үйлдвэрээ барьчих. Тэгвэл энэ Засгийн газар түүхэнд том юм бүтээлээ гэж хэлэх үгтэй болно. Манай улсын жилийн хэрэгцээний шатахууны хэмжээ 800 гаруй сая тонн. Үүнийг 100 хувь гадаадаас авахад нэг тэрбум ам.доллар зарцуулдаг. Үүнийг 70-80 хувь бууруулж чадахад үйлдвэртэй болсны ашиг харагдана. Үйлдвэр барих “үлгэр” мөдхөн төгсөөсэй дөө.

 

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Монголоо бод:
үйлдвэр барих үлгэр түргэн төгсөөсэй дээ гэдгийг байгуулаасай гэж үү эсвэл байгуулж болохгүй гэж ойлгох уу. хүн ойлгоход хүнд л юм бичиж дээ. Мэдээж байгуулбал Монголд ашигтай шүү дээ.Үүнтэй маргах хүн байхгүй . Шатахуун импортлогч нар одоогоор даварч л байг. Юм хязгаартай шүү . Монголчууд шатахууны үйлдвэртэй болоод өөрсдөө шаөтахуунаа хангаад гадаадаас шатахуун авахыг хориглоход тэр Петровис Сод монгол Шунхлай. Магнай трейд засгаас л гуйна шүү дээ. Тэр үед л төр төмөр нүүртэй гэдгээ тэдэнд харуулах хэрэгтэй дээ Тэдэнд шатахуун Нийлүүлэлтийгээ зогсоогоод үз. Тэд яах нь вэ харьяа л даа.Тэд уйлах л байхгүй юу. Монгол улс байгаа гэдгийг тэдэнд харуулах л хэрэгтэйв ухаантайхан байвал одооноос төрдөө хатуурхахаа болих хэрэгтэйдээ
2018-02-05