Хөгжөөн дэмжигч бүжигчин охид ДАШТ-ээс алтан медаль авлаа
2018-02-05

 

Мэргэжлийн спортод байх ёстой зүйлсийн нэг нь хөгжөөн дэмжигч охид. Гэхдээ хөгжөөн дэмжигч охид гэхээсээ бүжгийн нэгэн шинэ урсгал болтлоо хөгжиж, спортын төрөл гэж яригдах болоод удаж байна. Гүйцэтгэдэг элементийн хувьд ч эрсдэл ихтэй, багийн ажиллагаа их шаарддаг үзүүлбэрүүд үе үе энэ бүжгийн спортын төрлөөс харагддаг.

 

Тэгвэл уг төрлөөр Монголдоо анхдагчдийн нэг Галт Шувуу хамтлагийг сагсан бөмбөг сонирхогчид бол андахгүй. ШУТИС-ийн Шаркс багийн тоглолтыг дэмжихээр 10 гаран охид одоогоос бараг 10-аад жилийн өмнөөс бүжиглэж эхэлсэн. Тэгвэл тэд уг хүсэл тэмүүллээ улам өргөжүүлж Галт Шувуу бүжгийн студи болтлоо өргөжиж, Монголын хөгжөөн дэмжигчдийн холбоо гэх төрийн бус байгууллагыг хүртэл бий болгоод амжжээ.

 

Харин тэдний бэлдэж байгаа өсвөрийн тамирчин охид нь АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон “Сургуулиудын болон үзүүлбэрийн багуудын ДАШТ-2018” тэмцээнээс “high kick” төрөлд алтан медаль хүртсэн байна. Уг баг нь 13 хүний бүрэлдэхүүнтэй аж.  Мөн үүнээс гадна freestyle pom төрөлд хоёрдугаар байранд орж, багийн нийлбэр дүнгээр 6 дугаар байранд оржээ.

 

Дашрамд дурьдахад уг спортын төрөл нь 2024 оноос Олимпийн төрөлд багтах эсэх асуудлыг Олон Улсын Олимпийн Хороо хэлэлцэж байгаа ажээ.

 

 

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин