Улаанбаатар
ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2-5

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУВС-гаас Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

 

УИХ-ын дарга М.Энхболд “2017 он бидний хувьд эдийн засгийн уналтыг зогсоох талаар ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай жил байлаа. ОУВС энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллаж, дэмжин тусалж байгаад талархаж байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

 

 

Тэрбээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгосон, тэтгэврийн насыг нэмсэн зэрэг асуудлууд олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байсан. Энэ шийдвэрийг өөрчлөх талаарх бидний хүсэлтэд та бүхэн нааштай хандаж, ойлголцон зөвшилцсөнөөр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ татварыг нэг шатлалтай болгох, тэтгэврийн насыг сонголттой болгох зэрэг тогтоол, хуулиудыг баталлаа хэмээн онцлон тэмдэглэв.

 

УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны III улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрсэн. 2017 оны дүнгээр 4.0 орчим хувь байна гэж манай Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх мэдээлсэн. Миний хувьд 4.9 орчим хувьд байх болов уу гэж найдаж байна гээд, “Энэ бүхэн нь ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарч байгаагийн нэгэн жишээ юм” гэж онцоллоо.

 

Түүнчлэн төсөв, санхүүгийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар хэлэлцэн тохирсон алхмуудаа УИХ хэрэгжүүлэх болно. Саяхан банкны салбарын багц хуулиудыг баталсан. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн мэдээллээ.

 

Ноён Жеофф Готтлиеб хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Хэрэгжүүлж буй хөтөлбөр бол ОУВС-гийнх биш, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр юм. ОУВС-гаас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогыг сайжруулах, улмаар эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид тогтвортой өсөлтийг бий болгох зорилготой. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд зөв бодлогыг тууштай хэрэгжүүлснээр валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурлаа” гэж онцоллоо.

 

 

Түүнчлэн “Бидний зүгээс баримтлах ёстой байр суурь, зарчим гэж бий. Гэхдээ энэ нь ямар нэгэн тулгалт шахалт үзүүлнэ гэсэн үг биш. Та бүхний тавьсан санал, хүсэлтийг хэлэлцэн зөвшилцөж, буулт хийхэд ч бид бэлэн байх болно. Хамгийн зөв, оновчтой, тохиромжтой шийдлийг олох нь л бидний хамтын зорилго юм” гэж тэмдэглэв.

 

Ноён Жеофф Готтлиеб нэг жилийн дотор буюу маш богино хугацаанд ийм сайн үр дүнд хүрнэ гэхэд хүмүүс бодоогүй байх. Гэхдээ Монголын эдийн засаг маш хувьсамтгай гэдгийг ноён УИХ-ын дарга та сайн мэднэ. Тиймээс тайвширч болохгүй. Энэ эерэг өөрчлөлтийг ойрын 1-2 жилд хадгалах, цаашид хямралт байдал үүсэхэд өртөөд байхааргүй дархлааг бий болгох нь чухал юм. Ойрын үед парламентаар татварын болон мөнгө угаахтай тэмцэх тухай хуулиудыг шинэчлэн батлах шаардлагатай байгааг анхааралдаа авна уу гэлээ.

 

Тэрбээр уулзалтын төгсгөлд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (AРG)-ын дүгнэлтээр Монгол Улс тааруухан үнэлгээтэй гарсан тул энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдаад, Санхүүгийн зохицуулах хороонд УИХ-аас дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.      

Shuud.mn
Сонин хачин