Пёнчан 2018: Хүндрэл учруулж болох асуудлууд
2018-02-07

 

Бүх Олимпийн наадамд хүндрэл бэрхшээл тулгардаг. Рио 2016 Олимпийн наадмын үеэр л гэхэд Зика вирус тээсэн шумуул, Бразилын, хулгайч дээрэмчид гол асуудал болж хэрхэн шийдэх бол гэж дэлхий нийтээрээ харж байсан цаг саяхан. Тэгвэл Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадамд ч гэсэн өөрийн гэсэн хүндрэл бэрхшээл байгаа. Ингээд БНСУ-д болох уг Олимпийн наадамд тулгамдаад буй зарим нэг асуудлыг yahoo sports сайт бичсэнийг уншигч танд хүргэж байна.

 

Хээл хахуультай холбоотой асуудал:

 

Бүх Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөндөгддөг сэдэв. Энэ удаад АНУ-ын холбооны шүүхээс Олон Улсын Олимпийн Хороо, Нэгдсэн Улсын Олимпийн хороо болон, олон улсын хөлбөмбөгийн холбоотой холбогдолтой зарлан дуудах бичгийг хүргүүлээд байна. Уг шүүхэд зарлан дуудах бичигт дурьдсанаар зарим нэг талбайн спортын шагналууд АНУ болон Катард санаатай олгогдсон гэжээ. Бүх л Олимпийн наадамд медаль наймаалцах, шүүгчдийн лобби орох гэх мэт асуудал хөндөгддөг. Ялангуяа Солонгосчууд бол нутаг дээрээ болж буй тэмцээнд өөрсдийн топ спортын төрлүүдийг луйвардаад ч хамаагүй авдаг гэдгийг бид өмнөх өмнөх олон улсын тэмцээнүүдээс мэднэ. 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ, Азийн тоглолт, Азийн наадам гээд их олон жишээг дурьдаж болно. Энэ удаагийн Олимпод ч гэсэн медаль наймаалцах, авилгал хээл хахуулийн хэрэг байхыг үгүйсгэхгүй.

 

Хамгийн хүйтэн Олимп:

 

 

Пёнчаны Олимп хамгийн хүйтэн цаг агаарт явагдах нь. Ванкүвэр болон Сочигийн олимпийн наадмууд цаг агаарын дулаанд болж, цас нь хүртэл хайлж, зарим спортын төрөлдөө хиймэл цас ашиглаж байсан билээ. Харин Пёнчаны Олимпийн наадам эсрэгээрээ болох нь гэж гадны сэтгүүлчид бичиж байна.

 

Түүхэнд хамгийн хүйтэн Олимпийн наадмаар 1994 оны Норвегийн Олимп цельсийн -11 градуст болж байсан бол Пёнчаны Олимп -14 градуст болох урьдчилсан мэдээ байна. Энэ бол мэдээж халаалтгүй, задгай дээвэртэй цэнгэлдэхэд сууж ямар нэг зүйл үзэхэд тохиромжгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч зарим нэг үзэгчид Олимпийн нээлт үзэх билетээ хүртэл буцаагаад эхэлжээ.

 

Шувууны ханиад:

 

 

Дээр дурьдсан ёсоор Олимпийн наадмуудад тулгардаг асуудлын нэг нь халдварт өвчин байдаг. 2 жилийн өмнө Зика вирусын халдвар тээгч шумуул гол асуудал болж байсан бол энэ удаад шувууны ханиад. H5N6 шувууны ханиад Пёнчанаас ойролцоогоор 130 км зайд байрлах тахианы аж ахуйд гараад байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 2016 онд бүртгэгдсэн уг өвчнөөс болж 6 хүн амь насаа алдаж байсан тохиолдол бий.

 

Тиймээс уг бүс нутагт өрсөлдөх 3000 тамирчин, 100000 гаруй үзэгчийн эрүүл мэндтэй холбоотой асуудал сөхөгдөх нь дамжиггүй. Тиймээс уг бүс нутагт хэдийнэ 334000 тахиаг заазлаад байгаа юм.

 

Умард Солонгосчуудын талаар..:

 

 

Энэ Олимпийн наадмын нээлтэнд Умард болон Өмнөд Солонгосчууд нэг туган доор жагсана. Мөн хоёр улсын эмэгтэй хоккейчид анх удаагаа нэгдэн орох болоод байгаа. Гэсэн хэдий ч Умардуудын өнөөх тив алгасагч пуужингууд нь АНУ-ын санааг зовоож байгаа гэнэ. Учир нь Олимпийн наадмын нээлтийн өмнөх өдөр цэргийн жагсаалынхаа үеэр тив алгасагч пуужингуудаараа жагсаалын парадын нэг хэсгийг бүрдүүлэхээр Умард Солонгос төлөвлөж байна. Уг жагсаал Ким Ир Сений талбайд буюу БНАСАУ-ын нийслэл хотноо болох аж.

 

Тиймээс Олимпийн наадамд АНУ-ыг төлөөлж оролцож буй төлөөлөгчдийн тэргүүлэгч, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс тэднээс болгоомжилж буйгаа илэрхийлээд “дэлхий нийтэд Умард Солонгос бол манай гаригийн хамгийн хатуу дэглэмтэй улс гэдгийг сануулах нь зүйтэй байх” хэмээжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Zana:
Zuitei zevuun Amerikiig urgelj tugshuurtei bailgah ni zuitei
2018-02-08